Цэс Close

СОНСГОЛ БА ИЛЧЛЭЛТ

Ерөнхий сайд авлигалтай хатуу тэмцэхээ илэрхийлснээс хойш олон дуулиант хэргийн асуудлууд сөхөгдлөө. Үнэн хэрэгтээ нүд бүлтийж, чих дэлдийлгэм идэж, ууж, авлигажсан нөхдүүдийн талаар ингэж л олон нийт мэдэж эхэллээ. Олон жилийн өмнөөс авлига албан тушаалын гэмт хэргийн талаар нийтээрээ ярьж хэлдэг, зарим иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар мэдээлдэг ч  гүтгэлгийн хэрэгт унаад чимээ алдардаг байсан.

Харин хонгилын  үзүүрт гэрэл гэгчээр хоёр шаттай нүүрсний сонсгол Ерөнхий сайдын санаачилгаар болов. Хятадад айлчлахдаа энэ талаар мэдсэн байдаг. Ингэж шалгалтын баг байгуулж, сүүлдээ хэвлэлийн хурал зарлаж байсан. Хуулийн байгууллагууд нүүрсний хэрэгт холбоотой  албан тушаалтнууд, 100 гаруй хүн шалгаж байгаа. Энэ хооронд нүүрсний жагсаал болж, нүүрсний сонсгол боллоо. Мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглан хэрхэн нэг хэсэг нь хөлжиж, нөгөө хэсэг нь зүдэрснийг хэн хүнгүй л мэднэ. Ямар нэг дорвитой алхам хийхгүй л бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод  байсан. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн олонтаа энэ талаар дуугарсан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй өдийг хүрлээ.

Засгийн тэргүүн нүүрсний асуудлыг хөндөж тавьж, авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлээгүй бол энэ бүхэн хэр удаан үргэлжилж, улс орон хэдий болтол хохирохыг таашгүй юм.

Бензин тосны асуудал тавигдаж, хөхөө өвлийн хүйтнээр хэдэн цаг шанага бензинээ дуусган, дугаарын хязгаарлалтад орсон иргэдийн уур хилэн буцалж буй цаг дор нүүрсний хулгайчдыг үнэн төрх илчлэгдэж, ганц ч гэсэн нааштай алхам хийх нь гэсэн гэрэл гялтайж байна. Авлига бол аалзны тор шиг хэрж, улсаараа хохирч байдаг. Хэн нэгэн нөхөр авлига аваагүй бол түүний гэрийн ханын шүүгээнд  нуусан мөнгөөр хичнээн айлын хүүхэд цэцэрлэгтэй боломж байв. Хичнээн эцэг эх ажлаа тайван хийж, хичнээн эмээ, өвөө ядрахгүй байв. Хэрэв хэн нэгэн нүүрс хулгайгаар гаргаагүй бол хэдэн эмнэлэг баригдаж, хичнээн хүний амь аврагдах байсан бол. Ингэж бодохоор авлигачин, хулгайч нар нэг хүнийг хохироодоггүй, нийтээр нь хохироож байдаг. Энэнээс нь болж улс орны хөгжил ухардаг.

    Хөгжлийн банкны болон Нүүрсний сонсгол бол маш олон булхай, луйвар, хуйвалдааныг ил болгосон илчлэлт боллоо.

Эрх барьж буй Засгийн газарт иргэд ихэнхдээ л шүүмжлэлттэй ханддаг. Ямартай ч энэ олон луйварчдыг ил болгов. Энэ бол цаашид авлига авч болохгүй, луйвар, хуйвалдаан хийж болохгүйг ойлгуулсан алтан боломж.   Цаашид улсаа цөлмөж болохгүйг ойлгуулсан том сануулга. Дараагийн ээлжнийхэн хэрвээ луйвар хийнэ ээ гэсэн санаархалтай байсан бол тэр чинь бүтэхгүй боллоо. Даравч дардайж, булавч бултайдаг юм байна. Энэ Засгийн газарт мэдээж шүүмжлэх юм олон байна. Гэвч зөв зүйтэй ажлуудыг нь ч дэмжих хэрэгтэй юм. Учир нь бид Ерөнхий сайдын авлигатай тэмцэх энэ санаачилгыг дэмжвэл нийтээрээ хохирохоос сэргийлнэ. Хэн дуртай нь төрд шургалж давуу байдлаа ашиглан улсын мөнгөнөөс хулгай хийхгүй болох үүд хаалга нээгдлээ.

Оны өмнө Ерөнхий сайд бас нэгэн сюрприз барьсан нь Самурай бондын өрийг тэглэлээ. Гол нь бондыг бондын өрөөр дарсан их  өрийн овоолго бий болсныг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр дарж чадлаа. Шинээр мэндэлсэн хүүхэд хүртэл өөрөө мэдэлгүй өртэй болчихсон. Өр нимгэрч байна гэдэг чинь иргэдийн нуруун дээрхи ачаа ч багасч байна гэсэн үг. Учир нь гадаад өр нь дотоодын иргэдийн, ялангуяа ажил хөдөлмөр хийж зүтгэж, татвараа зүй ёсоор төлж байгаа иргэдийн нуруун дээр л ирдэг. Тиймийн тулд оны зааг дээр нэг ч болов өрнөөсөө салж байгааг сонсох нь хөр цастай хүйтэн өвлийн жавартай өдрүүдэд таатай сонсогдож байна.

За тэгээд цаашид шийдэх асуудал олон бий гэдгийг энэ Засгийн газар эрхбиш мэдэж байгаа биз ээ. Шийдэх асуудал олон бий. Сонгууль дөхлөө гэж улсаа хохироосон поп амлалт өгөлгүй бодит томоохон алхам хийхийг л иргэд хүсч байна.

М. Жамц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах