Сүүлийн 40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах боломжтой
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын захиалга, "Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэн"-ийн санхүүжилтээр “Цаг уурын горимын мэдээллийн цахим сан системийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд, цаг уурын горимын мэдээллийн цахим системийг нэвтрүүлэв. Ингэснээр Цаг уур, орчны шинжилгээний газрын архив мэдээллийн сангийн ажиглалтын мэдээг цахим хуудсаар дамжуулан шуурхай авах, төлбөр тооцоог интернет сүлжээгээр хялбар төлөх зэрэг боломж бүрдэж байна. Уг системд 1985 оноос хойш хугацааны бүрэн шалгагдсан 50 мянга гаруй дата өгөгдөл бүхий мэдээний санг шинээр бий болгожээ.
Иргэд цаг уурын архив мэдээллийн сангийн вэбд суурилсан системээр дамжуулан 21 аймаг, 130 гаруй сумын, сүүлийн 40 гаруй жилийн хоног бүрийн мэдээг, нийт 6 төрлийн элементүүдээс өөрийн хүссэн хугацааны, станцын, мэдээний нэр төрлөө сонгон 2-3 минутад авч болно.
Уг цахим системийг "Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв" НҮТББ гүйцэтгэжээ.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл үлдээх