Цэс Close

С.Амарсайхан:Улсын хэмжээнд 1.5 сая мал хоргодоод байна

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: “Засгийн газрын шийдвэрээр 2024.02.15-наас өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжиж, УОК, орон нутгийн холбогдох байгууллагууд 24 цагийн байнгын ажиллагаатай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Зудтай, нөхцөл байдал хүнд аймагт үнэлгээ хийхэд 192 суманд хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна.

  1. Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээл гаргаж, малчдад хүргэж байна.
  2. Орон нутгийн нөөцөөс 20.000 тонн өвс тэжээл нийлүүлж байна. Мөн 10.000 тонн тэжээлийн улаан буудайг аймгуудад хүргэж байна.
  3. Малчдад шаардлагатай зүйлсийг хүргэж, нэмэлт арга хэмжээ зохион байгуулна.

Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.

Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1.2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна.

Нийт зээлийн 52.1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу 580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана. Олон улсын байгууллагууд ч үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна.

90 суманд цагаан зуд,  84 суманд цагаан зудархуу, 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүсээд байна. Жил бүрийн өвөл зудын нөхцөл байдалтай байдаг ч энэ жил илүү их хэмжээтэй байгаа нь гэнэт дулаарч, дараа нь хүйтэрдэг цаг агаар нөлөөлж буй нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Өнөөдрийн байдлаар 54.000 км зам харуйг гаргаад байна. Төрийн цэргийн болон зэвсэгт хүчин, хилийн цэргийн 1800 алба хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэйгээр аймаг, сумдад ажиллаж байна. Цаашид цасанд дарагдсан хашаа хороог цэвэрлэх ажлыг бүх нутгуудад хийнэ. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 480 гаруй машин техник ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах