Цэс Close

С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр нийт 100 сая төгрөг олгосон

Хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө. Өнөөдрийн нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байна.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 15 аймгийн нутаг дэвсгэрт нийт 118 972 км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг хэвийн болгоод байна.
Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг орон нутгуудад ажиллаж буй. Үүний хүрээн 2,194 иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харъяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, 229 эмийн багц олгохоор ажиллаж байгаа юм. Мөн 12 аймагт нийт 6447 тонн буудайг малчдад хүргэх арга хэмжээг зохион байгуулсан.
Аймаг орон нутгийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай автомашинаар хангах ажлын хүрээнд эхний ээлжинд 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машиныг олгоод байна.
Улсын хэмжээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 3,9 сая толгой малын зүй бус хорогдол гарсан нь нийт малын 6.1 орчим хувийг эзэлж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. Сэтгүүлчдийн зүгээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаарх асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг хэрхэх тухай асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах