ТОЙМ: Нүүрсний сонсголын дуулианууд
Нүүрсний гэж нэрлэгдсэн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсгол хоёр шаттайгаар үргэлжилж өнгөрөгч долоо хоногт өндөрлөсөн билээ. Нийт 9 өдөр нүүрсний сонсгол далд байсан мэдээллийг ил болгож, хулгайч нь хэн байсан бэ гэдгийг илчилсэн. Харин одоо энэ баримтын араас ямар ажил хийгдэх вэ гэдэг нь анхаарлыг татаж байна.
Ингээд нүүрсний сонсголын үеэр дуулиан дэгдээсэн мэдээллийг дахин сануулъя.
Нэг: Ажнай Д.Бат-Эрдэнэ сонсголд өөрийн биеэр оролцлоо
Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болж, Тавантолгой ХК-ийн талаарх мэдээллийг танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ сонсголд биечлэн ирж оролцсон бөгөөд шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэсэн юм. Түүний хамаарал бүхий 4 хүн, 20 компаниар нүүрсний үйл ажиллагаатай холбоотой бизнес эрхэлж байгааг илчиллээ.
Хоёр: Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадынхан зарсан уу?
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон 457.3 га газрыг танилцуулсан. Ингэснээр эл нөхцөл байдал өндрийг авч, Түр хороо болон Ерөнхийлөгч, Засгийн газрын хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн эсвэл компани нь газар эзэмшиж, өмчлөх нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн хэрэг билээ. Тиймээс хууль хяналтын байгууллагууд тухайн Засаг дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Мөн энэ үеэр яригдсан нэг асуудал нь "Тавантолгой" ХК нүүрсний ачилт, буулгалтад зориулж 10 га газар худалдан авах тендер зарласан бөгөөд нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж байсан тухай мэдээлэл гарлаа.
Гурав: Алдагдсан боломж 5 тэрбум ам.доллараар хэмжигдсэн үү?
Нүүрсний сонсголын үеэр бүртгэлгүйгээр 5.2 сая тонн нүүрс гарсан нь 5 тэрбум ам.доллар буюу 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгөн дүн бүхий нүүрс хулгайгаар экспортод гарсан гэх мэдээлэл олныг сэртхийлгэв. Гэвч энэ баримт нь нүүрсний хулгайгаар алдсан бүх алдагдал мөн эсэх нь тодорхойгүй үлдсэн. Угтаа анх нүүрсний хулгайг ярьж эхлэхэд 44 их наядын хулгай байна гэж ярьж байсан билээ.
Дөрөв: ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэрийн эзэмшил компаниараа 1 сая тонн нүүрсийг бүртгэлгүй гаргажээ
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн өөрийнх нь статистик, өгөгдөл хамгийн ихээр анхаарал татлаа. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нүүрс тээврийн хамгийн олон буюу 9 компанитай бөгөө түүгээр 1 сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр хил гаргасан гэдгийг шинжээч танилцууллаа.
Тав: Зарим гэрчүүд ирсэнгүй. Эсвэл...
Нүүрсний сонсголоор улстөрчид хэрхэн хулгай хийдэг вэ гэдэг нь илүүтэй мэдэгдэх болно гэж олон нийтийн зүгээс харж байлаа. Гэвч нүүрстэй холбогдсон зарим хүмүүсийг гэрчээр дуудсан ч ирсэнгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгойн төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал нар гадаад байгаа гэх шалтгаанаар сонсгол ирээгүй.
Харин нүүрсний сонголд зайлшгүй оролцох ёстой хүн бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байсан. Гэвч шүүхээс түүнд холбогдуулан шалгаж буй хэрэг нь шүүхийн шатанд яваа тул шүүгдэгчийг оролцуулах боломжгүй гэснээр тэрээр оролцсонгүй. Уг нь Б.Ганхуяг өөрөө сонсголд оролцох сонирхолтой байгаагаа удаа дараалан илэрхийлсэн ч тусыг эс оллоо.
Зургаа: Утааг ялсан баатруудын урамшуулал
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн охин компаниудын нэг болох “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонссон. Энэ үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүн гэх 29 хүн нь өөрсдөдөө цалин урамшуулал нэрийдлээр 1.1 тэрбум төгрөг олгосон нь олны бухимдлыг төрүүлээд байгаа. Тухайлбал, НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан 2018-2022 онд цалин, урамшуулалд 64 сая төгрөг авсан. Мөн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын гэх Ц.Пүрэвхүү 78.7 сая төгрөг авсан байгаа юм.
Долоо: Д.Баясгалан түр хорооныхонд бизнесийн лекц уншлаа
Сонсголд оролцсон гэрчүүдээс Голомтын гэж нэрлэгдэх болсон Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан зүй ёсоор анхаарлын төвд байлаа. Түүнийг эртнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамтран төмөр замын олон төсөл хөтөлбөрийг гацаасан, мөнгө хөрөнгийг нь завшсан гэж хэвлэлүүд мэдээлдэг. Тэр ч утгаараа Д.Баясгалан төмөр замын төслүүдтэй холбоотой сонсголд гэрчээр оролцсон бөгөөд хянан шалгах түр хорооныхонд бизнесийг лекц уншлаа гэж цахимаар хөвөрч байлаа.
Д.Баясгалан хэлэхдээ.. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн нэг хэсгийг бэлэн мөнгөөр, нэг хэсгийг нүүрсээр авсан. Гэрээнд заасан үүргийн дагуу манай компани нүүрс худалдан авагч нар, гадна, дотны банк, санхүүгийн байгууллагаас нийтдээ 325.8 сая долларыг босгож, төмөр замын төслийг дуусгасан. 2021 онд Эрдэнэс Тавантолгой ХК-иас 72 сая $-ын санхүүжилт авсан” гэсэн билээ.
Энэ мэтээр олон дуулиант мэдээлэл нүүрсний сонсголын үеэр илж болж, биднийг шоконд оруулсан.
Сэтгэгдэл үлдээх