Цэс Close

Тулгатаас өөр сонголт алга даа

Ардчилсан нам хөлөөрөө толгой хийж, толгойгоорөө хөл хийж явсан цаг саяхан. Хэрүүл зодоон нь тасрахгүй  хэд ч хуваагдав, хэд ч дараалан ялагдав. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэгчээр амь тасалчихгүй явж байж арай гэж Дээд шүүх шинэ даргыг нь батламжлав. Одоо л нэг цэгцэндээ орох нь гэтэл бүр нэг бат бэх болчихгүй л байна. Эдний араншин юм уу даа. Одоо АН  нийслэлийн намын хороогоо цэгцэлж эхэллээ. Жинхэнэ утгаараа цэгцрэх эсэх нь өрсөлдөгчдийн хэн нь ялах вэ гэдгээс ихээ шалтгаална. Нийслэлийн намын хорооны даргад НИТХ-ын төлөөлөгч  Т.Батцогт,  Д.Бадарсан, М.Тулгат,  гурав өрсөлдөж байна. МоАХ-ныхон буюу экс Ерөнхийлөгч Х.Баттулга Т.Батцогтыг дэмжиж байгаа бол намын дарга Лу.Гантөмөр Д.Бадарсангийн арыг дааж байгаа юм байна. Нутаг нугийн хүнээрээ нийслэлийн АН-ыг  тэргүүлүүлэх сонирхол намын даргад байгаа нь харагдаж байна. М.Тулгатын хувьд Од клуб нь дэмжиж байгаа аж. Т.Батцогт НИТХ-д хоёр дахиа сонгогдож чадсан ч нам дотроо албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй, сураггүй шахам  нэгэн. Харин Иргэдийн хурал дээр бол эрхбиш цөөнхийн төлөөлөл  гэсэндээ  Их хурал дахь цөөнхийг бодвол үзээтэй байдаг. Д.Бадарсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан. Бас л НИТХ-д гурав дахиа сонгогдож, орон нутгийн сонгууль бүрээр  суудал чирч авчирдаг хэрнээ  олны шүүмжлэлээр бол манлайлалгүй нөхөр юм шиг байгаа юм. Гэхдээ хүнд үед орон нутгийн сонгуульд амь тариа болж байсан зэргийг нь бодох юм бол бас ч гэж яах вэ.   М.Тулгат Дүүргийн иргэдийн хурлаас гадна НИТХ-д хоёр дахиа сонгогдсон. Сүүлийн үед АН-ын өмнөөс, иргэдийн өмнөөс үгээ хэлэх, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуугарсан  улс төрийн үйл явдал болгоны тэргүүн эгнээнд тэр л харагдах болсон.

Нэг талаас харах юм  Нийслэлийн иргэдийн хуралд хүчээ үзэж ялж байсан  залуус нийслэлийн намаа удирдахаар өрсөлдөж байна. Дажгүй жишиг. Гэвч тэдний ард хэн байж, ямар хор хутгах бол гэдэг нь сонгууль шударга болох эсэхэд нөлөөлнө.

АН-ын их хагарлын дараах арай нэг эвлэрэл рүү явах энэ цаг үед  үзэл бодол, нөхөрлөлөө дагасан хөдөлгөөн, клубүүд ёстой нэг олноороо бий болов. Өмнө нь ч эвлэрч, ойлголцдоггүй  үй олон фракц байсаар ч ирсэн л дээ.  Сүүлийн үед энэ намд ажиглагдаж байгаа нэг сайн зүйл нь ардчиллын анхдагч нар нь дараа үедээ жим, зам гаргаж өгье гэж ухаарч эхэлж байгаа явдал юм. Ихэнх нь зөвлөх маягтай яваад байхад татгалзах зүйлгүй болж. Зарим нэг адын шуналтай ахмад бас байна.  Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр залуусын өрсөлдөөний ард хор хутгаж суугааг дээр дурдсан.  Бие даасан, бусдаас хамааралгүй, эрүүл  саруул сэтгэдэг залуус энэ намд олон. Тиймдээ ч өндийх бүрт нь дарах гэж оролддог хуучцуулаасаа хамааралтай заваан улс төрөөс залхаж, улс төрийн шинэ хөдөлгөөн клубүүд олноороо төрж буй юм. Нийслэлийн намын даргын өрсөлдөөний ард ч зарим нэг өлөн сэтгэлгээгээ дарж чадаагүй нөхөд хошууран оролцож байгаа нь харамсалтай. Шударгаар өрсөлдөх боломжийг үгүй хийж, АН-ыг голдиролд нь оруулах замд саад болсон эдгээр ахмадууд өөрсдөө сайн дураараа явах, эсвэл залуус тэднээс татгалзаж зайлуулах хоёр  зам л байна. Өөрсдөө явахыг нь хүлээвэл  өөдтэй юм болохгүй шинжтэй. Зарим  клубын ард ах нар нь байгаа нөхөд бол утсан хүүхэлдэй л гэсэн үг. Дотоод сонгуулиар энэ бүхнийг намын гишүүд нь эрхбиш ойлгож, гадарлах биз ээ. Тулхтай, амбицаа ардаа орхисон ахмадууд үүнд багтаагүй шүү. Ямар ч байсан АН-ын ирээдүйг тодорхойлох залуусын зарим нь  байр сууриа олж авах гэж хэрэндээ зүтгэж байгаа.  Зарим нь дэмждэг ах нартай бол нэг хэсэг нь  мөнчгөрөөрөө яваа.

Клубүүд дотор  хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Oд. Ардаа ах нарын дэмжлэггүй залуус энд багтдаг. Клубын тэргүүн  М.Тулгат. Ардчиллын анхны жилүүдэд аав С.Майнбаяр, авга ах С.Цогтсайхан нь эхний эгнээнд явж байсан улс. Хүүхэд наснаасаа эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрч, сонсч өссөн биз.  Эдний клуб хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын үндсэн зарчмуудын талаар лекц сургалтууд зохион байгуулж, хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Гол нь энэ үйл ажиллагаанд нь хэн ч очоод оролцож, тархиа цэнэглээд гарч болох юм.  М.Тулгаттай боловсролын талаар маргаад байх зүйлгүй. Сурч мэдээд ирсэн даруйдаа л энэ намын үйл хэрэгт оролцож, анхан шатнаас нь шат дараатай өрсөлдөөнд орж,  галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй дээрээ л яваа. Огцом шийдвэр гаргадаг. Аливаад түргэдчих гээд байдаг  сул талтай ч,   нийслэлийн намын даргад өрсөлдөж буй нөгөө хоёроо бодвол  яалт ч үгүй намын шинэ үеийн лидер болж хүлээн зөвшөөрөгдөж буй нэгэн. Нийслэлийн нам байтугай АН-ын  даргад өрсөлдөөд ялж байсан удаатай. Даанч хагарсан намын хэрүүлээс болоод албажаагүй болохоос ялах нь ялсан юмаа.

Өнөөдөр нийслэлийн намын даргад  дэвшигч гурвын хувьд анхан шатнаас нь эхлээд энэ намд анхан шатнаас эхлээд зүтгэж явааг нь харвал адил замнал. Гэхдээ тэд хэн нэгний татаасаар гарч ирсэн үү, эсвэл бор зүрхээрээ өрсөлдөж ирсэн үү гээд ярих юм бол арай өөр зураглал харагдана.  Намд орж ирээд дуу хоолойгоо өргөж,  амаа үдүүлсэн мэт олонхийн өмнө суух Их хурлын цөөнхийн ч үүргийг ч заримдаа гүйцэтгээд явдаг,  Нийслэлийн хуралд, заримдаа талбай дээр гараад дуугарч зогсдог, хэн нэгний татаасгүй,  эр зориг, хичээл зүтгэлээ зориулаад хичээж буй  М.Тулгат нь сонголт хийхэд хамгийн дөхөм.

За тэгээд мань мэт АН-ын асуудлыг шийдэх биш, “Таван төгрөгөөр тавилангаа худалдлаа” гэж  иргэдээ сонгуулийн дараа загнадаг та нар минь, энэ намын төлөө арай хурдтай, арай зөв, арай боловсролтой, чин сэтгэлтэй нэгнээ гаргаад ирэхээ мэдэх  байлгүй.  Буруу сонголт хийж, ах нарынхаа хоронд уначихаад дараа нь гоншигоноод байв гэж бас сануулья.  Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг. Энэ удаагийн дотоод сонгууль болгон чинь ирэх сонгуулийн өнгө ямар байхад шууд нөлөөлнө. Тиймээс сонголтоо зөв хийх байх гэж найдаж сууя. Хөндлөнгөөс харж буй мань мэтэд бол М.Тулгатаас өөр сонголт алга даа.

               Д.МӨНГӨНДАЛАЙ

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах