Цэс Close

Тээвэрчид: Ажил хийе гэсэн хүмүүсээ биш Хятадуудыг дэмжээд байна

Өнөө өглөө Сүхбаатарын талбай дээр тээврийн жолоочдын төлөөлөл болж нүүрс тээврийн жолооч Н.Ялагдашгүй том оврын машинтайгаа ирж эсэргүүцлээ илэрхийсэн. Улмаар түүнийг хууль сахиулах байгууллагаас албадлагаар саатуулсан юм. Тэгвэл яг одоо Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл Төв талбайд жагсаал зохион байгуулж байна.

Тэд "Тавантолгойгоос Чойр чиглэлийн тээвэрт 3,000 гаруй тээвэрчин явдаг. Тэдний гэр бүлийг нь оролцуулаад бодохоор 15 мянга орчим хүний амьдралын асуудал яригдаж байна. Энэ олон хүнийг элгээрээ хэвт гэсэн доромжилсон шийдвэр гаргаж, хоёр өдрийн турш ямар ч хариу өгөхгүй байгаа юм.

Гашуунсухайт, Шивээ хүрэн боомт дээр "бөмбөлөг" нэртэй авлигын сүлжээг дэлгэрүүлсэн. 30-40 хүн шинжилгээ өгөөд "бөмбөлөг"-т ороод эерэг юм уу эерэг гарахад бүгдийг нь тусгаарладаг. Боомт дээр шинжилгээ өгөөд эерэг гарсан хүмүүс хотод ирээд ХӨСҮТ-д болон өөр эмнэлэгт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гардаг. Баримт нь энд бэлэн байна. Энэ байдлаар нэг ч удаа "бөмбөлөг"-т орж, тээвэрлэлт хийж чадаагүй олон жолооч байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гурван сар хил нэвтрэх боломжгүй болдог.

Тээвэрт оролцож байгаа 150 гаруй ААН, 30 гаруй худалдан авагч нэгдээд мөнгөө гаргаад замаа урьдчилан зассан байсан. Энэ хугацаанд зам засварт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг оруулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баянзам тээвэрчдийн холбоотой үзэглэсэн гэрээгээ зөрчиж, аравдугаар сарын 6-ны өдөр Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал гаргасан байна. Хууль зөрчин ийм шийдвэр гаргаж, БНХАУ-аар зам тавиулах гэж байна гэж ойлгогдож байна. Ихэнх тээвэрчид банкинд, барьцаанд бүх юмаа өгөөд задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийлгэхгүй болсон. 

Одоогоор Гашуунсухайт, Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийдэг тээвэрчид нэгдээд замаа хаасан байгаа. Бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн. Бид мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Ажиллах боломжийг минь өгөөч л гэж байгаа. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан алдаатай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт авах бөгөөд шаардлага биелэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах