Цэс Close

Төв Ази-Хятадын дээд хэмжээний уулзалт эхэллээ

Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр эхэллээ.

Тус уулзалтад Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нар болон Казахстанд айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцож байгаа юм. Уулзалтад оролцогчид бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, тээвэр, дамжин өнгөрөх тээврийн интеграцчлалыг хөгжүүлэх, эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн асуудлуудад анхаарлаа хандуулах аж.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан үг хэлэх үеэрээ, Төв Азийн улс орнууд болон БНХАУ-ын цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, хэд хэдэн санаачилга дэвшүүлжээ. К.Токаев БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг даваа гарагт Астанад хүрэлцэн ирэх үед Ерөнхийлөгчийн ордонд халуун дотноор угтан авчээ. Хоёр орны удирдагчдын даваа гаргийн орой Астанад хийсэн хэлэлцээний үр дүнд Засгийн газар хоорондын болон яам хоорондын 24 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан аюултай тэмцэх хамтын хүчин чармайлтыг зохицуулах, соёл, хүмүүнлэгийн солилцоог дэмжихэд онцгой анхаарах ажээ. Дээд хэмжээний уулзалтын дараа Астанагийн тунхаглал, Мөнхийн найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

Сануулахад, Төв Ази-Хятадын дээд хэмжээний анхдугаар уулзалт 2023 оны тавдугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотноо болж байсан билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах