Цэс Close

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон. Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд өдгөө хэлэлцүүлгийн шатанд байгаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдтэй уялдуулж болох эсэх, улс төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын талаар тодруулж байлаа.

Хуулийн төсөл санаачлагч төрийн улстөрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульчилснаар улс төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшлэх, төрийн албаны нэр хүнд сэргэх, ёс зүй хариуцлага нэмэгдэх бөгөөд ашиг сонирхлын зөрчил, мэдлэг ур чадварын дутагдал хариуцлагагүй байдал зэрэг сөрөг үр дагаврууд багасна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах