Цэс Close

Төрийн далбааны өдрийг Ж.Сүхбаатар нарын гишүүд хуульчлан батлуулсан

Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Хуульчлан батлагдсанаас хойш даруй 15 жилийг үджээ. Алтан соёмбот төрийн далбаа маань мөнх хөх тэнгэртээ өндөрт мандаж, монгол хүмүүний сэтгэл зүрхний гүнд  бахархал хүндэтгэлийн очийг бадраадаг. Төрийн далбааны өдрийг хуульчилснаас хойш наадмын өмнөх өдрөөс эхлээд монголчууд машин, гэр, байшин, албан байгууллагууд далбаагаа мандуулдаг болсон. Наадмын өдрүүдэд хүүхдүүд хацар, гар дээрээ төрийн далбаагаа зуруулчихсан явж байгаа харагддаг. Төрийн далбааны өнгө, соёмбыг буруу зөв хэрэглэсэн, зурсан байх тохиолдолд шүүмжилдэг болсон. Энэ бүгд юуг хэлж байна гэхээр үндэсний бахархлыг сэрээж, туурга тусгаар улсын иргэн гэдгээ нялх балчраасаа мэдэх албан бус хичээл юм. Үүх түүхээ дахин санах өдөр юм.

Улс орны төрийн далбаа гэдэг бол тухайн улс орныхоо бэлгэдэл, хамгийн чухал зүйлсийн нэгт зүй ёсоор тооцогддог. Төрийн далбаан дээрээ өөрийн гэсэн бэлгэдлүүдтэй. Тэр бэлгэдэл тухайн улс орныхоо түүх, онцлог,  соёлтой шууд холбогддог.  Дэлхийн улс орон  бүр төрийн далбаатай, түүндээ онцгой хүнтгэлтэй хандаж ирсэн.  Анзаарсан бол Холливудын кинон дээр Америкийн төрийн далбаа заавал гардаг. Энэ бол санаандгүй хэрэг биш юм. Энэ бол тэдний омогшил, бардамнал, улс орноороо бахархах бахархал юм.  Хүмүүсийн сэтгэлд хамгийн их үлддэг үе нь магадгүй олон улсын арга хэмжээнүүд тэмцээн уралдаан, тив дэлхийн аварга шалгаруулах урлаг спортын наадам, олимп зэрэг спортын томоохон наадмаар өөрийн улсын тамирчин, оролцогчид төрийн далбаагаа дээш мандуулж, зогсохыг харан сэтгэлийн  баясал эдлэх төр мөчүүд. Дэлхийн хаа нэгтээ өөр улсад зохион байгуулагдаж буй арга хэмжээн дээр Монгол Улсын төрийн далбаа маань эх орноо, монгол төрийг  төлөөлж  байдаг. Бид жишээ нь олон  улсын нэг арга хэмжээнд очмогцоо гадна нь намирах төрийн далбаагаа хараад “Манай улс энэ арга хэмжээнд оролцож байгаа юм байна” гэдгийг төвөггүй мэддэг.

2008 онд Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Н.Батбаяр нарын хэдэн гишүүн  нарын хэдэн гишүүн Төрийн далбааны өдрийг хуульчлах санал өргөн барьснаар тухайн онынхоо зургадугаар сард батлагдсан юм. Ингээд тэр цагаас хойш жил бүрийн долдугаар сарын 10-нд буюу улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэх болсон билээ.  Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн  дөрөв дэх  хэсэгт Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.  Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна гэж заажээ. Мөн Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заасан. Нэгэнт төрийн далбааны өдөртэй болсон учраас энэ өдөр Алтан соёмбот Монголын далбаа өндөрт мандаж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийнэ. Олон олон монгол хүн үүх түүх, үндэс угсаа, эх орноороо бахархан, Төрийн далбаагаа өндөрт мандахад бахдан баярладаг. Ялалтын торгон агшин, хүндлэлийн дээд цэгт, бахархалын оргил үеийг төсөөл дөө. Тэнд эх орны минь далбаа өндрөөс өндөрт мандаж байдаг. Төсөөлөөд үз дээ. Яг тэр өндөрт манддаг торгон агшныг бүхлээр нь албан ёсжуулан өнөөдөр бид тэмдэглэдэг. Энэ бол миний эх орон. Миний Монголын төрийн далбаа. Яг тэр баяр бахдалын өдөр бол хуульчлан батлагдсан энэ өдөр. Өнөөдөр бол бид бүхний баяр. Бахархлын баяр. Энэхүү өдрийг хуульчлан тэмдэглэх боломж олгосон Ж.Сүхбаатар нарын гишүүдэд талархлаа илэрхийлье. Дэлхийн олон улс орон төрийн далбааны өдөртэй, түүнийгээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Угтаа бол бусад улсууд төрийн туг гэж нэрлэдэг. Монгол улсын бэлгэ тэмдгийн дотор, төрийн туг, төрийн далбаа гэж хоёр янз байдаг болохоор алтан соёмбот төрийн бэлгэ тэмдгийг бид төрийн далбаа гэж нэрлэдэг.

Өнөөдөр бидний хувьд бахархал, хүндлэлийн өдөр. Төрийн минь далбаа өндрөөс өндөрт мандаж байг ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах