Цэс Close

УЕП: Д.Янжинхорлоогийн хэрэгт холбоотой прокуроруудыг шалгаж хариуцлага тооцно

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат тэргүүтэй нэг ангийнхан нийлж, бусдыг залилсан хэргийн холбогдогчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ хэргийг анхааралдаа авч “Д.Янжинхорлоод холбогдох хэрэг дээр прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлэх” шийдвэрийг гаргаад байгаа аж.

МУИС-ийн хуулийн ангийг төгссөн нэг ангийнхан нэгнийхээ хэрэгт оролцож, шийдвэр гаргасан гэх прокуроруудыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг нь тогтоож, хариуцлага тооцохоор болоод байгаа юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхмийн багш, доктор Д.Янжинхорлоо нь бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь эрүүгийн хэрэгт шалгуулах үндэслэл болжээ.

Д.Янжинхорлоод холбогдох хэрэг

2009 онд Д.Янжинхорлоо нь нотариатч 83 тоот М.Саранцэцэг, нотариатч 124 тоот Р.Онончимэг нартай бүлэглэн тухайн үл хөдлөх хөрөнгийн 3-р давхрыг өмчлөгч болох О-гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд өөрийн нэрийг оруулах хууль бус хэлцэл үйлдэж, мөн оны арваннэгдүгээр сарын 11-нд О-г тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс хасуулах хууль бус хэлцлүүдийг тус тус үйлдэн баталгаажуулснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ Д.Янжинхорлоо гаргуулжээ. Шүүхийн шинжилгээнй үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4.17-ны өдрийн 1951 тоот дүгнэлтээр “О-гийн гэх гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш” гэдэг нь тогтоогджээ. Ингэж Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг үйлдсэнийг нь шинжээчийн байгууллага албан ёсоор тогтоосон байна.

                     Д.Янжинхорлоод холбогдох хоёр дахь хэрэг  

2017 онд Д.Янжинхорлоо нь  мөн дээрх 6 давхар үл хөдлөх хөрөнгийн зоорь, 1, 4, 5, 6 давхруудын өмчлөгч Л-ийн нэр дээрх өмчлөлийн гэрчилгээнд хууль бус “өвлөх эрхийн” гэрчилгээг бичүүлсэн гэх хэрэгт шалгагдав. Л-ийн ориг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь түүний төрсөн хүүгийн сейфэнд байж байхад нь тэрхүү гэрчилгээг хаясан гэх зар гаргаж, дахин шинээр гаргуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Л нь 2012 онд нас барсан.  Талийгаач Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Л-ийн төрсөн хүүд нь хадгалагдаж байсан учир хаясан гээсэн гэх зар гаргах шаардлага уг нь байхгүй байв. Гэтэл 2017 оны зургадугаар сарын 15-ны өдөр сонинд тус гэрчилгээг хаясан гэж хуурамч зар өгч, талийгаач Л-ийг 2017 онд амьд сэрүүн мэт болгож “Иргэн Л танаа” гэсэн лавлагааг УБЕГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.Ичинхорлоогоор гаргуулжээ.

Улсын бүртгэлийн газар нь нас барсан хүнд “Иргэн Л танаа” гэсэн лавлагааг яагаад гаргаж өгсөн бэ.

Бүртгэлийн газрын лавлагаа гаргасан яг тэр өдөр буюу  2017 оны зургадугаар сарын 09-ны өдөр 124 тоот нотариатч Р.Онончимэг нь нас барсан иргэн Л-ийн үл хөдөх хөрөнгийг Ц-ын нэр дээр шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээг Д.Янжинхорлоод бичиж өгчээ.

124 тоот нотариатч Р.Онончимэг нь өвлөх эрхийн гэрчилгээ бичихдээ талийгаач Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь хараагүй, үзээгүй байж өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Уг нь өвлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа Л-ийн төрсөн хүү Ч-гийн сейфэнд хадгалагдаж байсан билээ.

Хачирхалтай нь нотариатч Р.Онончимэг нь өмнө нь 2009 онд Д.Янжинхорлоод хуурамч гарын үсэг зурж, иргэн О-гийн өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авах боломжийг олгож байсан нотариатч. Хуурамч гарын үсэг зурсан бичиг баримтыг нотариатын баталгаажилтыг Д.Янжинхорлоод 2009 оны 10.16-ны өдөр Р.Онончимэг гаргаж өгч байжээ.  

Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2011 оны 171 дүгээр тушаал “Нотариатын үйлдэл хийх заавар”-т зааснаар тухайн үйлдлийг хийхдээ бичиг баримтыг бүрэн бүтэн, хүчинтэй хугацаа болон эх хувийн баримт бичгийг зайлшгүй үзэж шалгасны дараа нотариатын үйлдэл баталгаажуулалтыг хийнэ гэж заасан байдаг. Гэтэл нотариатч Р.Онончимэг энэ хууль журмыг зөрчин өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн нь илэрхий байгаа юм. 124 тоот нотариатч Р.Онончимэг нь Ц-д өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн гэх ба зургаахан хоногийн дараа буюу 2017 оны 6 сарын 15-ны өдөр Ц нь нас баржээ. Өвлөх эрхтэй холбоотой  тухай Нотариатын тухай хууль, “Нотариатын үйлдэл хийх заавар”-т зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо 8.2-т зааснаар дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд: 8.2.2-т төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа, 8.2.4.өвлүүлэгчийн ах эгч дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа, 8.2.7.өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, түүнчлэн өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр/нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт гэх мэт холбогдох бичиг баримтуудыг зайлшгүй шаардах ёстой байв.

Тэгтэл Д.Янжинхорлоо, нотариатч Р.Онончимэг нар нас барсан хүний өмчлөлийн гэрчилгээг хаясан гээсэн зарыг гаргуулан шинээр гэрчилгээ авахдаа өвлөх эрхийг бичиж ингэхдээ хууль ёсны өвлөгч нарыг дуудаж асууж тодруулалгүйгээр бусдад өвлөгч байхгүй гэж өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгчээ. Энэ нь хууль ёсны өмчлөгч нарын эрхэнд шууд халдсан үйлдэл.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн заалтын дагуу нас барсан хүний төрсөн хүүхэд гэх мэт бүх өвлөгчид зөвшөөрөлцөж хууль ёсны гэрээслэлээр өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр хуваарилна” гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчжээ. Төрсөн үр хүүхдүүдээс нууж, дахин цоо шинэ гэрчилгээг хууль зөрчиж Д.Янжинхорлоод яагаад олгов гэх мэт асуулт урган гарч байна.

2017 оны  зургадугаар сарын 15-ны өдөр Ц нас барж ар гэрт нь уй гашуу, өвчин зовлон болж байх үеэр Д.Янжинхорлоо яг энэ өдөр Л-ийн ориг сейфэнд хадгалагдаж байсан дээрх 6 давхар барилгын зоорь, 1, 4, 5, 6 давхруудын 1699 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн хэмээн “Зууны мэдээ” сонинд зар өгсөн нь хууран мэхлэх төдийгүй монгол хүний ёс жудагт нийцэмгүй үйлдэл хийжээ. 

Улмаар 2017 оны долдугаар сарын 04-ны өдөр Д.Янжинхорлоо нь УБЕГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Ц-гийн нэрийг ашиглан баримт бүрдүүлсэн байна. Тус газрын мэдүүлгийг Д.Янжинхорлоо нь өөрийн гараар бичгээр бичиж бөглөсөн. Тус мэдүүлгийн арын хуудасны төгсгөлд нь мэдүүлэг гаргагч гэсэн хэсэгт талийгаач Ц-ын гарын үсгийг өмнөөс нь зуржээ. Энэ үед Ц нь нас барсан байсан. Мөн тухайн бүрдүүлсэн материалд талийгаач Ц-ын нэрээр Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж хүсэлт гаргасан гэжээ. Тус хүсэлт нь эх хувиар байхгүй байсан тул Эд хөрөнгийн бүртгэлийн газрын “Нэг цонх”-ны хүлээн авагч улсын бүртгэгч мэдүүлгийн хуудсанд талийгаач Ц-ын хүсэлтийн эх хувийг өгөхийг шаарджээ. Мөн сонинд гэрчилгээний дугаар 42032-ийг 42002 дугаараар зарлуулах гэсэн шаардлагыг тавьжээ. Дээрх мэдүүлэг болон талийгаач Ц-ын хүсэлтийн материалууд нь талийгаач Ц нь мэдүүлэгт гарын үсэг зурах боломжгүй буюу нас барсан байхад өмнөөс нь амьд мэтээр гарын үсгийг нь зуржээ. Мөн Ц-ын гаргасан хүсэлт нь эх хувиараа байхгүй байсан учир Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар анх хууль журмын дагуу шаардлага хангаагүй материалыг 2017 оны 07-р сарын 04-ны өдөр “Нэг цонхны” хүлээн авах цонхонд сууж байсан улсын бүртгэгч хүлээж аваагүй буцаасан бололтой. Гэтэл тухайн өдөр улсын бүртгэгч н.Өлзийбаяр нь хууль дүрмийн дагуу шаардлага хангаагүй материалаар бүртгэл хийж, талийгаач Л-ын нэр дээр дахин шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн нь анхаарал татна.

Дээрх үйлдлээс үзвэл улсын бүртгэгч н.Өлзийбаяр нь 2017 07.04-ны өдөр эх хувийн хүсэлт байхгүйгээр үл хөдлөхийн мэдүүлэгт нас барсан Ц-ын гарын /Ц нь 2017.06.15-ны өдөр нас барсан/ үсэгтэй мэдүүлгээр 2012 онд нас барсан Л-ийн нэр дээр 2017 онд шинээр гэрчилгээ хууль бусаар гаргасан байх магадлалтай байна. Улмаар УБЕГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас дахин шинээр гэрчилгээ гаргуулснаар Д.Янжинхорлоо нь талийгаач Л-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болжээ. 

Ийнхүү МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Д.Янжинхорлоо гарын үсэг хуурамчаар ашиглан, шинээр гэрчилгээ гаргуулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хоёр хэрэгт холбогдон шалгагджээ. Ингээд Сүхбаатар дүүргийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан нь түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгах үндэслэл болжээ. Юутай ч энэ хэрэг задарч, дахин мөрдөн байцаалтад буцаад байгаа бөгөөд Д.Янжинхорлоогийн их сургуулийн нэг ангийн УЕП-ын орлогч М.Чинбат, Д.Энхтөр нарын хэд хэдэн прокурорууд энэ хэрэгтэй холбоотойгоор шалгагдахаар болоод байна.

Б.НАРАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах