Цэс Close

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцлээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.16/ хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илтгэлийн "Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал" бүлгийг танилцууллаа.
Монгол Улс нь хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна.
Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон.
Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгалаа.
Илтгэлийн нэгдүгээр бүлгийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал сэдвийн хүрээнд:
1. Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах;
2. Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх;
3. Агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулах;
4. Агаар, орчны бохирдлын асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах бүтцийг тодорхойлох, тогтвортой, салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллуулах;
5. Агаар, орчны бохирдлыг бууруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлж, үр ашигтай зарцуулах;
6. Агаар, хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, инновац, технологийн дэвшлийг ашиглах, хувийн хэвшлийг татварын зээлийн бодлогоор дэмжих;
7. Агаар, ус, хөрс, орчны бохирдлын тандалт, хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн сан бүрдүүлж, харилцан мэдээлэл солилцох горимыг тогтоох;
8. Дотоод орчны чанарт тавигдах суурь үзүүлэлт бүхий шаардлага, стандартыг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод орчны чанарын лабораторийн хэмжилтийн дүгнэлтийг нийтэд нээлттэй болгох;
9. Хог хаягдлын менежментийг сайжруулах, хураамжийн хэмжээг шинэчлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах стандартын шаардлага хангасан төвлөрсөн байгууламжийг байгуулах;
10. Ариун цэврийн байгууламж (нүхэн жорлон)-ийг шинэчлэх, стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх;
11. Хөрсний бохирдолтой газрыг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, ургамал мод тарих зэрэг арга, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх;
12. Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, усны бохирдлыг бууруулах, хаягдал усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, газрын доорх усны нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг үе шаттайгаар хязгаарлах, усны салбарын чадавхийг бэхжүүлэхэд улсын төсөвт төвлөрсөн хураамжийг зарцуулах;
13. Барилга, зам, тээвэр, гудамж, талбай, орчны стандартыг мөрдүүлэх, зөрчлийг шуурхай таслан зогсоох, хариуцлага тооцох;
14. Орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэй хүргэх Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах саналыг УИХ-д хүргүүлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах