Цэс Close

Улсын нууцад орсон “ногоон автобус”-ны хэргийн гол холбогдогч Д.Сумъяабазар  “ус”-наас хуурай гарах уу?

Ногоон автобусны дуулиан буюу хуучин хямд автобусыг шинэ хэмээн төрийн их мөнгийг үрэн таран хийж буй асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар буруудах нь ойлгомжтой. Хотын дарга нүдэн доорх Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хамтарсан "нууц" ажиллагааг мэдээгүй байна гэвэл үнэнээс хол зөрөх биз.

Учир нь “төрийн нууц”-д хамруулж, Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, төсвийн 400 орчим тэрбум төгрөгөөр тендергүй автобус оруулж ирэх болсон.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын ярьснаар “улсын төсвөөр авч байгаа бараа бүтээгдэхүүнд яагаад тендер зарлаагүй вэ? Гэтэл төрийн мөнгөөр авсан автобус нь яагаад 2002 оны загвар байна вэ. Зах зээл дээрх үнэтэй харьцуулсан уу, “Тэнүүн-Огоо" ХХК-ийг төр яагаад сонгов гээд эргэлзээтэй түмэн асуулт нээлттэй хэвээр үлдэв. Хамгийн гол нь “Нууц”-ын тамгатай дарж худалдан авалт хийгээд тэр явц дундаасаа хөрөнгө завшсан уу? гэдэг нь тодорхойгүй үлдэж байна” гэлээ.

Тэгвэл автобус худалдан авалтыг төрийн нууцад оруулснаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул тайлбарлахдаа...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй Daewoo маркийн Euro5 дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336,0 сая төгрөг, Skywell маркийн цахилгаан 254 клв бүхий их багтаамжийн автобус 625.0 сая төгрөг,  Hyundai County маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228.0 сая төгрөгийн үнэтэйгээр гэрээ хийгдэж нийлүүлэгдэж байгаа.

Гэтэл тендерийн тухай хуулиараа худалдан авалт зохион байгуулсан бол 90 хоног цаашлаад маргаан гарч шүүхдвэл маш их хугацаа орж, иргэд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр зорчих болж байгаа юм. Тиймээс бид хуулийн гаргалгаа хайж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдгийг хуулийн багийнхан ажиллаж, санал оруулснаар бид ийм шийдэл гаргасан” гэв.

Өөрөөр хэлбэл ямар ч хамаагүй аргаар хурдан хугацаанд автобус оруулж ирэх нь тэдний зорилго байсан байна. Ингэхдээ төрийн хуулийг зөрчсөн ч “айх айдас”-гүй байсан гэх агуулгатай тайлбарыг өгч байгаа юм. Хэдэн зуун тэрбумаар яригдах энэ тендерийг "Тэнүүн-Огоо" ХХК-ийн эзэд Нийслэлийн агентлагийн даргатай яриад л шийдэх бодит боломж үнэндээ үгүй юм. Яах аргагүй захирамж гаргасан хотын даргын оролцоо байж л таарах нь. Тэгэхээр Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалаасаа огцорсон ч хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийнхээ төлөө хуулийн байгууллагаар шалгагдаж таарна байх.

Одоогоор нийслэлийн агентлаг, газрын хоёр мэргэжилтэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагууд “ногоон автобус”-ны хэрэгт буруутан болоод л энэ хэрэг намжих уу?  Эсвэл хэргийн эзэн хэнгэргийн дохиурууд хамт шалгагдах уу гэдэг нь хуулийн байгууллагын шударга ажиллах эсэхээс хамаарна. Хотын иргэдийг хохироосон улсын нууцад орсон “ногоон автобус”-ны хэргийн гол холбогдогч Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “ус”-наас хуурай гарах эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэх биз ээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах