Утааг мартуулах уран санаа “Хагас кокс”
Нэг хүний мэдлээс хэтийдэж, нийтийн, нийгмийн асуудал болчихсон хоёр сэдэв байгаагийн нэг нь хэт төвлөрөл нөгөө нь утаа. Зоосны хоёр тал шиг энэ бэрхшээл ганц Монгол Улсынх биш нийт хотуудын зовлон. Хойно, урдаа яваа тээврийн хэрэгслийг таних нь бүү хэл гутлын хошоороо харж чадахааргүй болтлоо угаартаж, өтгөн хар утааны өмнө сөхөрч байсан түүх хайр дурлалын хот Парис, Лондонд ч байжээ. Иргэдийнх нь үхэх, эрүүл мэндээр доройтохын голлох шалтгаан болж байсан утаагаа үлээчихсэн мэт арилгасан Лондоноос эхлээд, ил зууханд галласан ч илбэ шид шиг утаагүй нүүрс түлж байгаа Хөх хотын жишээг энд хэргээр дурдъя. Яагаад гэвэл, тэд үндэстний аюул болоод байсан утаагаа хэдийн мартаад, дараа дараагийн шатны нүүрс химийн үйлдвэрлэлээр дэлхийд цойлох амбийцийн төлөөх хот улс болцгоожээ.
“Үхлийн хөшиг” гэгдэж байсан утааг арилгахын төлөө Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ. Английн эрх баригчид “Цэвэр агаарын хууль” гэгчийг баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганцхан өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирсан байна. Зоригтой авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь хатуу түлшний хэрэглээг хорьж, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжжээ. Мөн томоохон үйлдвэрүүдийг хот, суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, хагас кокос, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэнээр “үхлийн хөшиг” гэх гамшигт утаагаа арилгаж чаджээ.
Гэтэл манайх сүүлийн 20 жилийн туршид утаа ургийн гажигаас улсын гажиг болж буй тухай хэдэн мянган удаа улиглан ярьсаар л. Ер нь аливаа өгүүлэмжийг олон давтвал улигийн жишгээр утааны асуудал эцэстээ “Байдаг л сэдэв” болоод орхив. “Өвөл болохоор хүйтэн болдог” гэх “хөөрхөн” яриа шиг л амнаас ам дамжиж, намаас нам дамжсаар утаа улирлын чанартай сэдэв болсон. Одоо тэгвэл намрын сэрүүн хэдийн орж, утааны улирал хаяанд “айлслаа”.
Нүдэнд харагдах, гарт баригдах шийдэл л биш бол баргийн тархи угаалтад иргэд ч итгэхээ больсныг энэ Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн харин тун чиг соргог мэдэрсэн бололтой дог шүү. Тэр туршлагатай улс төрчийн хувиар уу, бизнесийн салбарын хатуу хөтүүг үүрч дүүрч, зүтгэж үзсэн эрийн хуйхын бяр хүчээр үү, эсвэл хал үзэж халуун чулуу долоосныхоо тэнэг зоригоор уу, юутай ч нүүрснийхээ чанарыг ахиулж байж утаанаас сална гэх “Уран санаа”-гаа олон нийтэд хэлээд “ад” болов.
Өөрөөр хэлбэл, хагас коксыг хэрэглье. Улс орнуудын жишгийг дагая гэв. Хагас кокс гэдэг нь хатуу нүүрсийг 600-700 хэмийн халуунд жигнэж, тортгийг нь бууруулсан нүүрс. БНХАУ-ын хувьд 2017 оноос эхлэн хагас кокосыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Сайжруулсан шахмал түлш буюу мидлингийн үр дүн төдийлөн сайн биш байсан нь дараагийн шатны буюу чанартай нүүрс түлэх сонголтыг эрхгүй шаарджээ. Ингээд утаагаа арилгахын тулд нүүрсний боловсруулах үйлдвэрлэлд инновац шингээх нь хамгийн зүйтэй гэж үзсэний үндсэн дээр хагас коксын үйлдвэрийг шат дараатай барьж, жигнэсэн нүүрсээ хэрэглээнд дариу нэвтрүүлэх арга хэмжээ авчээ.
Тэдний галлагааны бас нэгэн нууц нь асаагч. Шоо дөрвөлжин хэлбэртэй, дундаа хуруу багтах хэмжээний нүхтэй, жижиг дөрвөлжин шатаагчид их учир байгааг Дон Шин Юан хагас коксын үйлдвэрийн дарга Жин Хай Вэ хэлж байна. Манайхны галлагаанд мод хамгийн чухал. Гэтэл Хөх хотынхон мод асах үйл явц нь утаа ихээр гаргадаг, утаа дэгдэлтийн хамгийн том шалтгаан учраас өнөөх асаагчийг тусгайлан галлагаанд хэрэглэдэг гэлээ. Гал өгсөн даруйд маш амархан шатдаг эд шидтэй асаагч нь хагас коксыг яг л цаас шиг асааж байна.
Ингэхдээ хамгийн гайхмаар нь утаа үнэхээр алга. Нүүрс зуухандаа шатаж л байна. Яндангаас ямар ч утаа гарахгүй юм. Үнэхээр сонин. Ингэж л Хөх хот гэлтгүй Бээжин утаанаасаа салж буйгаа дэлхий нийтэд зарлаж. Тэдний нууц нь ердөө л хагас кокс, түүнийг цаас шиг шатаадаг асаагч юм байна. Өнөөдрийн байдлаар Хөх хотод хагас коксын 300 орчим үйлдвэр ажиллаж байна.
Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд хагас коксын үйлдвэрээ бариад, түүнээс гарах нүүрсээр ирэх өвөл галлаж утаагүй өвөлжих туйлын боломжгүй. Гэтэл Эрчим хүчний сайд учраас Б.Чойжилсүрэн гэж хүн утааг арилгасан байх ёстой бонло. Өөрөөр хэлбэл, “Утааны урхаг” бүхэн түүнд хамаатай болно. Шулуухан хэлэхэд ирэх өвөл утаагаа арилгаагүй гэх яланд тэр унана. Хэвлэл мэдээлэл, олон нийтээр балбуулах нь гарцаагүй. Тиймээс л мань хашир ирэх өвлийг утаагүй давахын тулд Хөх хотын туршлагыг Монголын хөрсөнд авчрахаас аргагүй болж байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй болов уу. Мэдээж эдийн засгийн хүчин зүйлтэй нь холбоод, утааг улс төржүүлж хэдийн сурсан хэсэг бүлэг хүмүүсийн няцаалт улс төрийн хүрээнээс ирэх нь гарцаагүй. Гэлээ гээд яалтайв. Хоолой хорсгосон утаа залгиад, өнөөх л хэрүүлээ хийцгээж байснаас Б.Чойжилсүрэн сайдын санааг дэмжээд, нэг өвөл утаагүй амьдарцгаая. Тэртээ тэргүй “Төрийн хулгай” гаарсан энэ цагт иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэрт мөнгө зарахад болохгүй юм үгүй санагдана. Энэ өвлийг л утаагүй давчихвал ирэх жилийн тавдугаар сараас эхлээд дотооддоо хагас коксын үйлдвэртэй болох ТЭЗҮ түүний халаасанд яваа юм билээ. Тиймээс ирэх өвлийг утаагүй давахын төлөөх Б.Чойжилсүрэн сайдын “Шийдсэн мэх”-нд энэ жилдээ нийтээрээ “өвдөг шороодох”-оос өөр сонголт даанч алга.
И
М.Мөнхтунгалаг
Сэтгэгдэл үлдээх