Цэс Close

Уушгины дурангийн чиглэлээр Япон улстай хамтран ажиллана

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төв, Япон улсын Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасагтай хамтарсан “EBUS-д чиглэсэн бронхоскопийн сургалт, техникийн сайжруулалт” төслийн уулзалт өнөөдөр /2024.06.06/ УНТЭ дээр боллоо.

Уулзалтын эхэнд УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн урдаа барьдаг, чухал салбаруудын нэг бол Уушги, харшил судлалын төв юм. Манай уушгины тасгийн хувьд харьцангуй залуу баг бөгөөд орчин үеийн эмчилгээ оношилгооны технологийг өөрсдөө санаачлан төсөл бичиж амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Манай улсын хувьд тоосжилт, агаарын бохирдол ихтэй учир уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Тэр тусмаа халдварт болон халдварт бус өвчнүүд, уушгины хавдар ихэсч байгаа судалгаа гарсан” тухай дурдаад Японы төлөөлөгчдөд хандан УНТЭ болон нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллахаар ирсэнд маш их  баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

 

Хурлаар Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн эмч Кусаба Юүсакү төслийн талаар танилцуулга хийсэн бол АШУҮИС-ийн профессор, Уушиг судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Д.Ичинноров “Монголын уушгины дурангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал“ сэдвээр, УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг “Монгол дахь EBUS-ийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Уулзлатын төгсгөлд хоёр тал уушгины дурангийн чиглэлээр хамтран ажиллаж, төслөө цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах