Цэс Close

ФОТО: "Төсөөллийн ой" төслийн гурав дахь шат эхэллээ

“Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын Ойн аж ахуйн сургалтын төв нь нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 2021 оноос эхлэн “Төсөөллийн ой” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд төгөл байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, ногоон байгууламжийг хийх, гэр хорооллын өрхүүдэд салхины хамгаалалт, жимсний болон гоёлын модны суулгацыг хүлээлгэн өгөх, иргэдэд мод тарих сургалтыг зохион байгуулсаар ирлээ.

Төслийн гурав дахь шатны 2024 оны хаврын арга хэмжээ өнөөдөр эхлэв. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16, 18, Хан-Уул дүүргийн 13, Чингэлтэй дүүргийн 7, 23, 24-р хороо мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэг зэрэг нийт 6 дүүргийн 21 хороодын 500 өрхийг хамруулан сургалт хийж, хайлаас, үхрийн нүдний суулгацыг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх, экологийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс харж байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд нийтдээ 2.500 өрхөд 12.500 ширхэг суулгацыг хүлээлгэн өгөөд байна.  

Дашрамд дурдахад “Ногоон Ази сүлжээ” ТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, шар шороон шуурга, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага нь орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалт хийх, иргэдийн нэгдэж, хоршиж ажиллах чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг 2007 оноос тасралтгүй хэрэгжүүлж иржээ.

НОГООН АЗИ СҮЛЖЭЭ ТББ-ЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах