Цэс Close

Хоригдож явсан ч гэсэн хосгүй амжилтад хүрсэн Паоло Россигийн түүх

[cmsmasters_row data_shortcode_id="9y5a2q6npl" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="sirwelnlc" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="oiqaocwcdp" animation_delay="0"]

1982 оны Дэлхийн аварга мөн оны “Алтан бөмбөг”-ийн эзэн алдарт довтлогч Паоло Росси 64 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай эмгэнэлт мэдээ түглээ. Россигийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний түүхээс цухасхан өгүүлье.

Паоло Рoссигийн туулсан зам их ээдрээтэй. 1956 оны 9-р сарын 23-нд Паоло Pосси Италийн Прато хэмээх жижиг хотод мэндэлжээ. Аав нь “Фиорентина”-гийн үнэнч фанат. Аав нь Флоренцийн ойролцоо орших Прато хэмээх жижиг хотын нэгэн үйлдвэрийн ажилчин бөгөөд хүүгээ 10 настай байхад нь хөлбөмбөгт сэтгэл зүрхээ өгсөнийг ойлгожээ. Аав нь бяцхан Паолог орон нутгийн “Амброкана” багт өгч өдөр бүр ур чадвар нь өсөн нэмэгдэж байгааг олж харсаар байжээ.

Паоло хүүхдийн багт бараг л тэмцээн болгондоо гоол хийдэг байв. хожмоо түүнээс сэтгүүлч нар “Довтлогч болж төрдөг үү, эсвэл довтлогч болж сурдаг уу?” гэж асуухад Паоло Росси хариулахдаа: “Довтлогч болж төрдөг юм. Харин дараа нь туршлага сууж авьяасаа хөгжүүлдэг. Жинхэнэ довтлогч болохын тулд гоол хийх мэдрэмжтэй төрдөг” хэмээн хариулсан гэдэг.

Паоло Россигийн нэг онцлог бий. Байрлалаа эзлэх мэдрэмж, байх ёстой газраа байх ёстой цагтаа байж, хийх ёстойгоо л хийдэг нь түүнийг гайхалтай, эсрэг талын хувьд аюултай довтлогч болгож байв. Эсрэг багийн хамгаалагчаа байнга хуурч, эвгүй үйлдэл хийж, хамгаалагч нарыг будлиулдаг байжээ. Бөмбөгийг хаалга руу хүчтэй цохидоггүй, зүгээр л хөнгөхөн эвээд чиглэлийг нь өөрчилчихдөг. Энэ нь хаалгач нарт жинхэнэ аюулын харанга байв. Паоло Pосси зүгээр зогсоно гэж байхгүй. Байнга л “нээгдэж”, бөмбөг шаардаж явна. Тиймдээ ч гоол ахиу оруулна.

Прато хотын авьяаслаг хүүгийн талаар яриа тархаж “Ювентус”-ын чихэнд хүрчээ. “Ювентус” клубын удирдлага Паоло Россиг худалдаж авсан боловч удалгүй өвдгөндөө хэд хэдэн удаа гэмтэл авч, хагалгаа хийлгэсний дараа “Хөгшин хатагтай” нар 19 настай залууг тээршааж зэрэглэл тааруу “Комо” клубт заржээ.

Удалгүй Росси “Виченца” рүү явав. 1976-1977 оны улиралд Паоло Россигийн гоолын ачаар “Виченца” Сери Б-гээс Сери А руу дэвшиж, дараа жил нь бүр Сери А-д хоёрдугаар байр эзлэхэд Росси 24 гоолтойгоор мэргэн бууч болов.

Энэ үед “Ювентус” төвийн довтлогчийн эрэлд гараад байлаа. Тиймээс Паоло Pоссийг дахин авахаар улайрч эхэлжээ. Харин “Виченца” өгөхгүй хэмээн гэдийв. Хоёр клубын удирдлага Россид өгөх мөнгөний хэмжээг цаасан дээр бичээд дугтуйнд хийв. Энэ үед “Ювентус” мөнгөөр зодоод авах байх гэсэн олны таамгийг эвдэж “Виченца” 3 сая ам.долларыг Россид амлажээ. Харин “Ювентус” 1 сая доллар амласан байдаг.

1977 онд Италийн шигшээд дуудагдав. 1978 оны Аргентинд болсон ДАШТ-д Италийн шигшээ баг дөрөвдүгээр байр эзлэв. Росси энэхүү ДАШТ-д том тэмцээний үнэр авч, туршлага суусан юм. Францын эсрэг тоглож хожлын гоолыг хийгээд амжлаа. Тэр улиралд Паоло Россиг нээлт хэмээн үзэж 1978 онд Италийн Оны шилдэг хөлбөмбөгч болжээ.

“Виченца” баг хэдийгээр Росситой хамт сайн байсан ч гэсэн амжилт нь уруудсаар доод лиг рүү унасан байна. Нэгэнт доод лиг рүү унасан тул авьаслаг довтлогчоо “Перужа”-д зээлүүлэхээр болжээ.

Гэтэл 1979-1980 оны Сери А-гийн тоглолтуудад “Перужа” тоглолт “найраа” хийж, наймаалцсан хэрэгт орооцолдлоо. Маш олон багийн дасгалжуулагч, тоглогч энэхүү дуулиант хэрэгт орооцолдож алдарт “Милан” бүр Сери Б рүү буулаа.

Энэ найрааны хэрэгт Россигийн нэр ч багтжээ. “Перужа”-“Авелино” хоёрыг 2:2-оор тэнцэнэ гэж тохирсон гэж шүүх үзсэн тэрхүү тоглолтод  Паоло Росси хоёр гоол оруул таарсан байдаг. Гэвч тэрхүү найраанд оролцоод олсон гэх мөнгө нь Россигийн 14 хоногийн цалингаас нь ч бага байлаа. Өндөр цалинтай алдартай довтлогч ийм бага мөнгөний төлөө тийм зүйл хийлээ гэж үү?

Италийн Хөлбөмбөгийн холбоо ч үүнд бас эргэлзсэн бололтой.  Паоло Россигийн тоглох эрхийг эхлээд гурван жилээр хассан ч дараа нь нэг жил болгож богиносгожээ. Тоглох эрхээ хасуулсан ч гэсэн хувиараа бэлтгэлээ сайн хийж, 1982 оны Испанид болох ДАШТ-д оролцоно гэж найдан хүлээх боллоо.  ДАШТ ч дөхөж, Россигийн тоглох эрх ч сэргэж, эргээд гоолын  тэнгэртэй залуу гэдгээ харуулж эхлэв.

Гэхдээ л бараг хоёр жил талбайд гараагүй Паоло Российг хүмүүс голж байлаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Энцо бодож эцсийн мөчид Россиг шигшээгийн бүрэлдэхүүнд багтаасан байдаг.

Ингээд 1982 оны ДАШТ эхлэв. Энэ удаагийн ДАШТ Испанид болсон юм.  Эхний тоглолтод Италийн шигшээ Польштой таарч гоолгүй тэнцлээ. Тоглолтын турш Паоло Росси нэг л удаа бөмбөгөнд хүрчээ.

Перугийн багтай хийсэн дараагийн тоглолтод Росси бүр ч муу тоглосон тул хоёрдугаар үед сэлгээнд суув. Хэсгийн сүүлчийн тоглолтонд Камерунтай таарч бас л тэнцэв. Росси ер нь тааруухан харагдаж байлаа. Шигшээгийн тоглолт тааруу байсан ч азаар хэсгээс нэгдүгээр байраар Польш гарч, хоёроор Итали арай хийж гарав. Италийн шигшээ нэг тоглолтод 2:2-оор тэнцсэн бол Камерун 1:1-ээр өрсөлдөгчтэйгөө тэнцсэн нь аз болох нь тэр. Оноо тэнцэж бөмбөг тоолох үед Итали Камеруны дээр бичигдэж хэсгээс гарсан юм.

Хасагдах шатанд Италичууд 1978 оны ДАШТ-ын аварга Аргентинтай таарав. Энэ тоглолтод Росси сайн тоглосон. Гоол хийгээгүй ч гэсэн талбайн төвд довтолгоонд сайн оролцож, Аргентины хамгаалалтыг сайн сэтэлж өгөв. Аргентиныг буулгаж авсаны дараа Италийн шигшээ Бразилтай шөвгийн наймд таарлаа.

Эндээс Россигийн ялгуусан амжилт эхэлнэ. Тэр Бразилын хаалганд хет-трик хийж гангарлаа. Бразилийн шигшээ баг маш хүчирхэг бүрэлдэхүүнтэйд тооцогдож байтал ийнхүү Росси тэднийг нутаг буцааж орхив.

Энэхүү ДАШТ-д 24 баг орсон бөгөөд эхлээд зургаан хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдсан. Хэсэг тус бүрээс хоёр баг шалгарч, дахиад гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдан тоглох журамтай байж. Гэтэл Италийн шигшээ гайтай юм шиг Бразил болон Аргентинтай нэг хэсэгт орчихсон нь энэ. Гурав гурваараа хэсэгт хуваагдсан багууд бүгд хоорондоо тоглолт хийж, хэсгээсээ нэгээр гарсан баг л цаашаа ДАШТ-ыг үргэлжлүүлэх боломжтой байсан юм.

1978 оны ДАШТ-д түрүүлсэн Аргентин, мөн гайхамшигтай бүрэлдэхүүнтэй Бразилтай нэг хэсэгт орсон, тэгээд болоогүй энэ хэсгээ тэргүүлж байж л тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой байсан зэрэг нь Италийн ирээдүйг тун бүрхэг харагдуулж байлаа. Зико, Оскар, Леандро зэрэг гайхалтай бүрэлдэхүүнтэй Бразилын шигшээ баг 1970 оны хүчирхэг Бразилыг санагдуулж байна хэмээн магтагдаж, үзүүштэй хөлбөмбөгийг толилуулж байв.

Гэлээ ч өмнө өгүүлсэнчлэн Бразилын шигшээтэй хийсэн тоглолтод Росси жинхэнэ чадвараа харуулав. Бразилчуудыг гомдоосон Россид хөлбөмбөгийн зарим хорхойтнууд маш дургүй болсон гэдэг.  Хожим Россиг Бразилд явж байхад нь такси түүнд үйлчлэхээс татгалзаж, хаалгаа тас хаачихдаг байсан нь бразилчууд түүнээс болж урсгасан нулимсаа, харууслаа хадгалсаар явдагтай холбоотой байлаа.

Шөвгийн дөрөвт Италийн шигшээ баг Польштой дахин таарлаа. Энэхүү тоглолтод Росси хоёр гоол оруулав.  Харин 1982 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт Испанийн нийслэл Мадридын алдарт  “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болов. Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн ч хоёрдугаар үед эхний гоолыг өнөөх л Росси хийв. Энэхүү тоглолтод Италийн шигшээ баг Баруун Германы шигшээг 3:1-ээр хожсон юм.

Шигшээдээ эргэлзээтэйхэн шиг дуудагдаж, хэл ам таталж очсон Паоло Росси ийнхүү ДАШТ-д зургаан гоол оруулж, мэргэн буучаар тодорсон төдийгүй Италийг дахин дэлхийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэж, элэг нэгтнүүдийн магнайг тэнийлгэж мандав.

ДАШТ-ий дараа Паоло Росси “Ювентус”-т Платинигийн хамтаар тоглож 1984 онд Цомтой багуудын цомын тэмцээнд Португалын “Порто”-г хожиж түрүүллээ.

Дараа жил нь буюу 1985 онд “Ювентус” Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод Английн “Ливерпүүл”-тэй тунаж, 1:0-ээр хожсоноор Дэлдэн чихтээс атгажээ.

Гэвч “Ювентус” Россиг өвдгөндөө дахин гэмтэл авмагц түүнээс ангижрахын түүс болж “Милан”-д зарсан юм. Дараа нь “Верона”-д очиж 1987 онд лигийнхээ аварга болсон домогт Марадонагийн тоглож байсан “Наполи”-ийг 3:0-ээр хожиход гоол оруулсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ бол Паоло Россигийн хамгийн сүүлчийн гоол байсан юм.

ДАШТ эхэлмэгц л Росси олны хараалын бай болж, Бразилчуудын нулимсыг барсан, бооцоо мөрийнд орсон, нарсны хаалга татсан гээд түүний намтар маш их сэтгэл хөдөлгөсөн түүх юм. Хэрэг төвөгт орооцолдож, шоронд орж, хэл ам таталж байсан Россид олон нийт дургүй байсан нь илт байдаг. Гэхдээ л 1982 онд Паоло Росси авч болох бүх шагналыг авч чадсан.  “Алтан пүүз”, “Алтан бөмбөг” гээд л хүртээгүй шагнал үгүй.

Хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлсний  дараа Росси үл хөдлөх хөрөнгийн наймаа, усан үзмийн талбай, наран цэцгийн тариалан зэрэг олон бизнес амжилттай эрхэлж байлаа.

Паоло Росси Италийн шигшээдээ 48 тоглолтод оролцож, 20 гоол оруулсан байдаг. Мөн “Ювентус”, “Милан”, “Комо”, “Виченца”, “Верона”, “Перужа” зэрэг багуудад тоглож байлаа. Тэрээр Аварга багуудын цом /Аваргуудын лиг/-ын аварга, Цомтой багуудын цомын аварга, UEFA-гийн цом /Европа лиг/-ын аварга мөн Сери А-гийн хошой аварга тамирчин. Сүүлийн жилүүдэд RAI телевизэд хөлбөмбөгийн экспертээр ажиллаж байлаа.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах