Цэс Close

Хоршоонд элсээгүй малчинд зээл олгогдохгүй

Малчдыг дэмжих Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль саяхан батлагдсан. Энэ хуульд малчин, мал бүхий иргэд хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх, хоршоонд нэгдсэнээр хөнгөлөлттэй зээл авах боломжтой болох юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид сайн дураараа нэгдэж хоршооны зохион байгуулалтад орох бөгөөд малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах эрх үүснэ. Түүнчлэн малчдын хэрэглээний одоо авсан байгаа зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах боломжтой юм. Мөн зээлийн хүүгийн хуримтлалын 75 хувийг төр дааж, 25 хувийг малчид өөрсдөө төлөх аж.

Малчид сайн дураараа олон төрлийн хоршоонд нэгдэж ажиллах боломжтой. Хоршооны дансанд төвлөрүүлэх малчдын хувь нийлүүлсэн хөрөнгийг хоршооны аль нэг гишүүн дур мэдэн захиран зарцуулах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлсэн хөрөнгийн дансанд банк барилт хийх ба зөвхөн үндсэн хөрөнгө худалдан авах, байгуулах зорилгоор нийлүүлэгч, гэрээлэгч талын нэхэмжлэхийн дагуу банк бэлэн бусаар шилжүүлэг хийх учир хоршооны дарга мөнгө шамшигдуулах нөхцөл үүсэхгүй.

Хоршооны гишүүн малчин хоршооны үйл ажиллагаанд зориулж зээл авна. Холбогдох байгууллагаас хяналт тавьж ажиллана.  Хоршоонд элсээгүй бол уг хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй. Одоо зээлтэй байгаа малчдын хувьд тус хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах боломжтой юм байна.

Зээлийг хоршоонд бус хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд олгох буюу хоршоонд хувь нийлүүлэх байдлаар хоршоог санхүүжүүлэх учир хоршооны гишүүд харилцан нэгэндээ шаардлага, хяналт тавина.

Энэ нь зөвхөн хоршоо байгуулах тухай асуудал биш үүний хажуугаар дагаад мэргэжлийн холбоод хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо бэхжих, мал аж ахуйн хоршоологчдын холбоо бэхжих, цаашилбал сүүний, ноос ноолуурын, махны холбоод ч бэхжинэ гэж үзэж байгаа. Хоршоод чадавхжаад ирэхээр мал эмнэлгийн ч тогтолцоо бэхжиж, хувийн хэвшлийн ч сонирхол энэ салбарт нэмэгдэж хөрөнгө оруулалтууд нэмэгдэх бололцоотой юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах