Хотын даргад 100 дахь өдрөөр нь илгээх захидал
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар та ажлаа аваад яг 100 өдөр болжээ. Энэ хооронд ажлаа хүлээж авч гартаа оруулах, удирдлагын бүтцэд тодорхой өөрчлөлт оруулан багаа бүрдүүлэх, зарим томоохон асуудлууд дээр өөрийнхөөрөө дүн шинжилгээ хийж судлах, эрхзүйн орчны өөрчлөлтийн эхлэлийг тавих гээд завгүй, амралтгүй байсан нь дамжиггүй.
Нийслэлийн 2024 оны төсвийг боож батлуулах, УИХ-аар “Автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг батлуулах, “цавчаа ногооны” асуудлаас болж доголдсон нийтийн тээвэрт өөр шинэ автобусууд яаралтай нийлүүлэх, асуудал нь хуримтлагдсан газруудаар биечлэн очиж танилцах зэргээр хичээнгүйлэн ажиллаж байгааг нь ажиглан харж байна.
Оны сүүлээр хүйтний эрч огцом чангарч, ханиад томуу дэлгэрч, түгжрэл улам даамжирч, нийтийн тээвэрт автобусны дутагдал үүсч, шатахууны хомсдол нүүрлэсэн хүнд нөхцөлд сургуулиудыг цахим горимд шилжүүлэх, автомашиныг сар хагасын хугацаанд тэгш сондгойгоор хязгаарлах зэрэг онцгой хатуу арга хэмжээ авлаа. Түр хугацаанд гал унтраахаас аргагүй байсныг ойлгож байна.
Харин цаашид хэрхэх вэ? Асуудлуудтай хэрхэн тулж ажиллаж, ямар шийдвэр гаргаад явах вэ? Ажлаа аваад 100 дахь өдрөө угтаж буй таны өмнө сонголт байна. Хуримтлагдсан асуудлуудыг аргалж биш, үндсээр нь шийдэн түүхэнд нэрээ үлдээсэн хотын дарга болох, эсвэл ийм боломжийг алдаж иргэдийн хараалыг идээд явах. Та алийг нь сонгох вэ?
Асуудлыг толгой ажиллуулахгүй амарчлан шийдэх арга бол хаах, хориглох, хязгаарлах, квот тогтоох, хуулийн албадлага хэрэглэх. Манай дарга нар үүнд дуртай. Та ч бас хууль тогтоогч байсан, хуулийн салбарыг удирдан сайдаар ажиллаж байсан хүний хувьд байсхийгээд “хуулиар шийднэ” гэх хандлагыг гаргаж байна. Эрхзүйт нийгэмд аливаа харилцааг зохицуулах хуулийн орчин чухал ч, нөгөө талаасаа хууль гэдэг бол албадлага. Жам ёсны хөгжил хөдөлгөөнийг оновчтой бодлого, менежмент, зохион байгуулалтаар бус, хуулийн хүчээр, албадлагаар шийднэ гэх нь учир дутагдалтай юм. Ингэж механикаар хандсанаар асуудлын уг үндэс хэвээр үлдэх бөгөөд, харин ч хуримтлагдсаар эцэстээ үнэнд гүйцэгддэг.
2012-2016 онд хотыг удирдсан Э.Бат-Үүл дарга нийтийн тээврийг шинэчлэх, метро байгуулах, түгжрэлийг үндсээр нь шийдэх хүртэлх түр арга хэмжээ байдлаар анх дугаарын хязгаарлалтыг эхлүүлсэн. Харамсалтай нь дараа дараагийн засаг дарга нар метроны төслийг зогсоож, нийтийн тээврийг дампууруулж, аргагүйдэхдээ дугаарын хязгаарлалтыг өргөжүүлсээр өнөөдөр тэгш сондгойдоо хүрээд байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байгаа нь асуудлыг үндсээр нь шийдэж ирээгүйн, гал унтрааж байсны үр дүн.
Өмнөх хотын удирдлагууд яагаад чадсангүй вэ? 2016 оноос хойш тасралтгүй хотод засаглаж байгаа эрх баригч МАН яагаад мухардалд оров? Үүний хариулт тэд “хот” гэдгээ яаж ойлгох, авч үзэж байсанд оршино. Хотыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдэх үндсэн консепт ямар байхаас асуудлыг харах өнцөг, фокуслах байдал, олох шийдэл хамаарах учраас тэр билээ.
Сэтгэгдэл үлдээх