Цэс Close

Хотын удирдлагууд юуны учир Ж.Хатанбаатарын эмнэлгийг гүтгэж, хууль зөрчив

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хууль зөрчиж байна. Сүүлийн сар гаруй хугацаанд хотын дарга Х.Нямбаатар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” эмнэлэгтэй холбоотой гүтгэсэн мэдээлэл удаа дараа олон нийтийн хэрэгслээр цацлаа.

Манай улсад элэгний чиглэлийн эмчилгээ, сувилгаагаар олонд танигдсан “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” нь хүн амын эрүүл энхийг хамгаалах үйлсэд 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа байгууллага.

2008 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос гаргасан менежмэнтийн хувьчлах гэрээний дагуу Ж.Хатанбаатар ахлагчтай баг шалгарч, түүнээс хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн зориулалтаараа үйл ажилагаагаа явуулж ирсэн. 2008 оны энэхүү менежмэнтийн хувьчлалын дагуу хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны явцыг Аудит болон Нийслэлийн өмч хувьчлах комиссоос 2012 онд “Хангалттай” гэж дүгнээд, улмаар 12 дугаар тогтоолоор хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Ингэж гэрээт хугацаа дуусч, хуулийн дагуу эмнэлэг, эмийн үйлдвэрийн газрыг менежментийн багт өмчлөгчөөр шилжүүлэх байсан боловч тухайн үеийн хотын удирдлагууд хойшлуулж ирснээс болж хуулийн биелэлтийг хангуулахаар шүүхэд хандахаас аргагүй болжээ. Ингээд гурван шатны шүүхээс хэлэлцэгдэж, 2015 онд Улсын Дээд шүүхээс “Нийслэлийн өмч хувьчлах комисс”-т Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн уг эмнэлэгт өмч хувьчлах тогтоол гаргахыг даалган шийдвэрлэжээ.

Эдүгээ хотын дарга Х.Нямбаатарын удаа дараагийн гүтгэлэгт өртөөд буй тус эмнэлэг нь ийнхүү хожих нь байтугай харин ч хохироод ирсэн байгууллага юм.

Улсын Дээд шүүхийн шийдвэр биелээгүй өнгөрсөн 16 жилийн хугацаанд тус эмнэлгийнхэн тангараг өргөсөн эмчийн хувиар хүн амын эрүүл энхийг хамгаалах ажил үйлсээ чимээгүйхэн хийж ирсэн. Хэрвээ эмнэлгээс өөр бизнес аж ахуйн нэгж салбарын хүмүүс байсан бол өдийд аль хэдийнэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тулган шаардаж, хэдийнээ хуулийн биелэлтийг хийж хувьдаа авчихсан байхыг өөр бусад олон газруудын жишээнээс харж болно. Гэтэл Монгол Улсын Ардын эмч Ж.Хатанбаатарын удирдаж ирсэн тус эмнэлгийнхэн 30 гаруй жил зориулалтын үйл ажиллагаагаа өөрчлөлгүй, их хэмжээний хөрөнгө оруулалт нэмж хийж, улсын эмнэлгийн статусын дагуу иргэдийг үнэ төлбөргүйгээр эмчилж байгаа.

Хэрвээ хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд хууль ёсыг сахих гэж байгаа бол дүрэм журмаараа эрхээрээ хангагдаж чадаагүй явж ирсэн тус эмнэлгийг дээрэлхэн гүтгэж харлуулах бус Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байв. Хуулийн дээгүүр гишгэж, хууль хэрхэн зөрчиж байгаа талаар баримтад түшиглэн дурдъя.

Хотын дарга Х.Нямбаатарын түгээсэн гүтгэлэг, хууль зөрчсөн баримтуудаас

Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэхдээ “Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна” гэж анх олон нийтэд мэдэгдсэн. Бодит байдал дээр Ж.Хатанбаатар гэх хүний нэр дээр нэг ч газар байхгүй юм. Хотын дарга Х.Нямбаатарын дараагийн нэгэн гүтгэлэгт мэдээлэл нь тэрээр хэлэхдээ “Ж.Хатанбаатар эмч нийслэлийн 10-аад өмчийг хувьдаа эзэмшдэг” гэв. Өнөөг болтол “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хамааралд байгаа эмнэлэг сувилал, эмийн үйлдвэрийн бүх обьектууд Нийслэлийн Засаг даргын харьяанд хэвээр байгаа бөгөөд эдгээрээс нэг нь ч иргэн Ж.Хатанбаатар гэх хүний эзэмшилд болоогүй байна.

Хотын дарга Х.Нямбаатарын ээлжит бас нэгэн гүтгэлэг нь  “Ж.Хатанбаатар эмч энэ байрны урд талын багахан хэсэгт нь эмнэлгээ явуулж, бусад хэсгийг нь 30 гаруй жил хүмүүст түрээсэлж, зочид буудал ажиллуулж байна” гэлээ. Энэ нь мөн л үндэсгүй худал мэдээлэл. Баримт дурдвал, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” эмнэлгийн байрны хажуу зэргэлдээ “Мон-инж-бар” гэх өөр нэгэн компани 30-аад жилийн өмнө хувьчлан авсан гэх газартаа зочид буудал болон Жинст, Энэрэл-момац, Өгөөмөр зэрэг 10-аад хувийн эмнэлэг, хоёр эмийн сан гэх мэт хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнийг хотын удирдлагууд мэдсээр байж ямар учраас бусад  хүний үйл ажиллагааг ардын эмч Ж.Хатанбаатар гэх даргатай эмнэлэгтэй хамаатуулан ярьж гүтгэв.

Худал зүйл үнэнд гүйцэгддэг хойно Х.Нямбаатар даргын сүржин мөртлөө даржин гүтгэлэг хол явахгүй баригдаад ирэнгүүт тэрээр өөрийн удирдлагад  ажиллаж буй хүмүүстээ бас л хууль зөрчсөн үүрэг өгөөд эхэлжээ.

Тэрээр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “НЗДТГ-ын харьяа Элэг судлалын төв юм бол төвийн даргыг би томилъё. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашъя. Элэгний төвийн хоёр корпусын нэгийг нь хүүхдийн эмнэлэг болго” хэмээн сүртэйхэн үүрэгдэж “загнав”. Хэрэв хотын дарга Х.Нямбаатар хууль ёсыг сахиулах гэж байгаа бол юуны түрүүнд “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн гаргасан шийдвэртэй танилцаж, энэхүү шийдвэрийн  хэрэгжилтээс хуулийн дагуу ажлаа эхлэх ёстой биз ээ.

Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байгаад хотын дарга болсон. Хотын даргаар ажиллахаараа хууль зөрчиж, хууль шүүхийн шийдвэрийг үл тоож болно гэж эндүүрээгүй л байлтай юм. Хотын удирдлагуудын ээлжит дайралт үүгээр ч зогссонгүй.  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг саяхан телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг Менежментийн хувьчлалаар авсан хэрнээ 2008 оноос хойш 7 тэрбум гаруй төгрөгийн татаасыг улсын төсвөөс хууль бусаар авсан” гэж мэдэгдсэн.

Уг эмнэлэг нь улсын эмнэлгийн статустай, эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилгээ, сувиллын тусламж үзүүлдэг. Улсын харьяанд байгаа эмнэлгүүд Төсвийн тухай хууль журмын дагуу олгосон санхүүжилт нь эмнэлгийн ажилтнуудын цалингийн тэн хагаст хүрэхгүй нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг  цээжээр тооцож гаргав уу гэлтэй хаанаасаа  7 тэрбум төгрөгийн татаас гэдгийг  гаргаад ирэв. Энэ нь ээлжит гүтгэлэг нь тодорхой.

Ер нь эмнэлэг сувилал ч гэлтгүй аливаа байгууллагын зардал ганцхан ажилчдын цалингаас бүрддэггүйг бүгд мэднэ. Өвчтөний эмчилгээ, сувилгаа, эм тан тэдгээртэй холбоотой зардлууд, бас цахилгаан, ус, дулаан, үйлчилгээ, хог зайлуулах урсгал зардлууд, мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хувцас хэрэглэл гээд зайлшгүй олон зардлууд нэмэгдэнэ. Хамгийн энгийнээр бодоход л эмнэлгийн ажилтнуудын халаат, хувцас, бээлий, маск авахад зардал мөнгө хэрэгтэй.

Улсын эмнэлгийн статустай яваа уг эмнэлгийн хувьд нэн хэрэгтэй бусад санхүүжилтийг олгооч гэх хүсэлт тавихаар хувьчлал явагдсан байгууллага гээд бүгдийг нь хасаад таначихдаг гэнэ. За хувьчлал явагдсан гэж үзэж байгаа бол бие даагаад үйл ажиллагаагаа явуулъя гэхээр эрхийг нь шилжүүлж өгдөггүй. Ийм л байдлаар хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хүн амын эрүүл мэндийг хангаж ажиллаж буй эмнэлэг төр захиргааны байгууллагын эрх мэдэл бүхий дарга нарын хүнд суртал, шийдвэргүй үйл ажиллагаанаас болж дунд нь хохирсоор байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” эмнэлэг бол 1990-ээд оны эхэн үеэс өв соёл уламжлалаа сэргээн хөгжүүлэхээр байгуулагдсан анхдагч эмнэлэг-сувиллын нэг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд эмнэлэг сувиллын мэргэжлийн баг хамт олон эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж ирсэн. Дэлхийд элэгний өвчлөлөөрөө тэргүүлдэг Монгол шиг оронд эднийх шиг эмнэлэг туйлаас хэрэгтэй. Энэ үүргээ ч олон жил биелүүлж, иргэдийн дунд сайшаагдаж ирсэн.

Төрийн байгууллагын эрх мэдлээр далайлган хүнд суртал гаргаж, тухайн байгууллагыг хохироож,  Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үл тоож, хуулийн дээгүүр гишгэлэн  эрээ цээрээ алдаж, худал гүтгэлгээр эмч ажилтнуудын нэр төрд халдаад эхэлсэн нь шударга бус явдал юм. Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагуудад өвчин зовлонтой олон  хүнийг эмчилж, эдгээж  буй тус эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулах эрх байхгүй  гэдгийг иргэд  хэлж байна.

Ардын эмч Ж.Хатанбаатар тэргүүтэй  эмнэлгийнхэн энэ бүх хууль бус үйлдэлд  арга тасарсандаа “Хуулийн дагуу  асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн төрийн гурван өндөрлөгт хандаж ил захидал илгээжээ. Одоо Монголд шударга ёс, хууль хэрэгждэг эсэхийг энэ эмнэлэгт тохиолдсон жишээнээс харах үлдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах