Хохирогч иргэн: Түрээсийн байрны гэрээг энэ оны 9-р сарын 1-нийг хүртэл хийж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө болсон гал түймрийн улмаас “Эду апартмент” орон сууцны 61 өрх галд өртсөн. УОК-оос иргэдийг түрээсийн орон сууцанд шилжүүлж байгаа.
Үүнтэй холбогдуулан хохирчдын төлөөлөлтэй уулзаж нөхцөл байдлын талаар тодрууллаа.
- Тухайн үед орон сууцанд гал гарахад хүзүүвчээс болж цаг алдсан гэж байгаа. Тухайн үед болсон процессын талаар ярьвал?
Байрны орц гарцыг хаасан учраас онцгой байдлынхан орж гарахад хүндрэл учирсан. Гал унтрхаах машинуудын шланкуудыг залгаад шатаа өргөх гээд хугацаа алдсан. Ингэж хугацаа алдсанаас болж байрны зүүн болон зүүн урд хэсэг нь шатсан. Уг нь манай байр зогсоол сайтай, бат бөх чанартай. Тэр дэлбэрэлт жаахан цаашлаад Чухаг хороолол юм уу өөр олон байр дунд гарсан бол илүү хохирол гарах байсан болов уу. Манайх 12 давхар хэдий ч бат бөх байсны ачаар хүний амь нас эрсдэлгүй, байрны бүх хүн гарсан гэж бодож байгаа. Гал, цагдаа, түргэнийхэн ирэхээс өмнө бид нар гарч амсан шүү дээ.
- Одоо та бүхний нөхцөл байдал ямар байна. Хэрэгцээ, хангамжийн тал дээр дутагдалтай зүйл юу байна?
Манай байрныхан хоёр зочид буудалд байрлаж байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу түрээсийн байрны санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийнхэн ирж судалсан. Мөн НЗД-ийн Хуулийн зөвлөх ирж гэрээний нөхцөлүүдийг танилцуулж, гэрээ хийсэн. Одоогоор нийт өрхийн 70-80 хувь нь гэрээ хийж байх шиг байна. Санхүүжилт нь шийдэгдэх юм бол түрээслэгчийн данс руу мөнгө нь ороод бид нар орон сууцандаа орох юм билээ. Нэг бэрхшээлтэй зүйл гарч байгаа нь зарим айлуудын орон сууц 2, 3 давхар эзэмшигчтэй юм байна. Гэтэл тэр хүмүүс нь хөдөө явчихсан эсвэл гадаад байгаа зэрэг шалтгаанаар байхгүй байгаа. Тэр хүмүүс нь заавал өөрсдөө байх ёстой гээд түрээсийн гэрээ хийгдэх байх асуудал үүссэн. Мөн БЗД-ийн иргэний бүртгэлийн хэлтсээс бид нар дээр ирээд бүх бичиг баримтыг шинээр хэвлэж, түрээсийн гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгч байгаад талархаж байна.
Хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаагаас гадна оршин суугчдын биеийн байдалд өөрчлөлт гарч байгаа хүмүүст эрүүл мэндийг тусламжийг шуурхай өгч байна. Ер нь хүмүүс янз бүрийн шинж тэмдэгүүд илэрч байна. Даралт ихсэх, бөөлжих, бие дээр нь юм туурах гэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа учраас галд өртсөн бүх хүмүүсийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах хүсэлтийг БЗД-ийн Засаг даргад гаргасан.
- Түрээсийн гэрээг хэдэн сарын хугацаатай хийж байна вэ?
Бид нарын орох түрээсийн гэрээг энэ оны 9-р сарын 1-нийг хүртэл хүчинтэй байхаар хийж байна. Тэр хүрээндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ярьж байгаа. Гадуур түрээсийн төлбөрийг 3 сараар хийгээд нэг сарын барьцаа авдаг юм байна. Энэ дагуу л төлбөр хийгдэх болов уу. Ядаж байхад тэр хавьд түрээсийн байрны үнэ 500 мянгаас 1 сая төгрөгөөр өссөн гэх юм.
Сэтгэгдэл үлдээх