Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Чогсомжав тамгаа гардан авлаа
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнөөдөр шинээр томилогдсон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт тамгыг нь гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргаар сонгогдсон Ц.Чогсомжав нь Хэнтий аймгийн 31, 32 дахь Засаг дарга нарын орлогчоор ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болохыг онцолж, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах, аймаг орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг хүслээ.
Шинээр томилогдож буй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Өндөр итгэл хүлээлгэсэн ард иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл байдал, 2022 оны төсөв, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Малын гоц халдварт өвчин гээд цаг үеийн тулгамдсан олон ажлуудтай нүүр тулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан орон нутгийнхаа жаргал зовлонг сайтар мэдэх УИХ-ын гишүүнтэй боллоо. Ц.Идэрбат гишүүний эхлүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд нэг баг болж ажиллана” хэмээсэн байна.
Сэтгэгдэл үлдээх