Хятадын жүжигчин Жао Лүси бие махбодын хүчирхийлэлд өртсөнөөс болж сэтгэл гутралд орсны цаад учир юу вэ

Хятадын энтертайнмент салбар шинэ оны дараахан олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Хятадын жүжигчин Жао Лүси нэгдүгээр сарын 1-ний өдөр “Weibo” цахим хуудаснаа нийтэлсэн нийтлэлдээ ажлын байран дээрээ бие махбодийн хүчирхийлэлд удаа дараа өртдөг байсан хохирогч бөгөөд одоо сэтгэлийн гүн хямралд орсон тухайгаа мэдэгджээ.
Нэг метр 61 см өндөртэй жүжигчин бүсгүй 36 кг болтлоо турсан өөрийн зураг болон хэд хэдэн хүмүүсийн зургийг цахим хуудсандаа оруулжээ. Мөн жин хэмжигчнийхээ зургийг ч хавсаргахаа мартсангүй. Цахим хуудсандаа уртаас урт бичвэр оруулсан бөгөөд багаасаа хүчирхийлэлд хэрхэн өртөж байсан талаараа дэлгэрэнгүй бичжээ.
“The Romance Of Tiger and Rose (2020)” болон “Love Like The Galaxy (2022)” зэрэг алдартай драмуудад тоглож алдар нэрд хүрсэн 26 настай жүжигчин нэмж хэлэхдээ “Нас биед хүрсэн ч гэсэн хүчирхийлэлд өртсөөр байв. Киноны сонгон шалгаруулалтандаа тэнцэж чадаагүйн улмаас зодуулдаг нь бүгд миний буруу гэж би тухайн үед боддог байлаа. Энэ бүхнээс зүгээр л зугтахыг хүсдэг байсан" хэмээжээ.
Түүнийг ажлын байран дээр нь хүчирхийлдэг байсан хүн нь дээд албан тушаалтан ба дээд албан тушаалтны үүрэг даалгаврыг менежер нь гүйцэтгэдэг байж. Хэрхэн дарамталж, хүчирхийлдэг байсныг илчилсэн дарга, менежер хоёрын харилцан бичилцсэн зурвас нь олонд дэлгэгдээд байгаа билээ.
Жүжигчин бүсгүй “Эцэст нь миний ажил олон нийтэд үнэлэгдэж, үүний ачаар би баяртай гэж хэлэх зоригтой болсон. Гэсэн ч хамтран ажиллах гэрээгээ цуцлахын тулд асар их хэмжээний ‘гэрээ цуцлалтын төлбөр’ авсан. Мөн тэр салбарын доторх болон бусад хүмүүсийн дунд цуу яриа тарааж миний нэр хүндийг сэвтүүлсэн” гэсэн юм.
Тэрбээр 2019 оноос хойш сэтгэлийн гүн хямралд орж, 2021 оноос мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж авч эхэлсэн байна. Гэвч түүний сэтгэлийн хямрал аажимдаа бие махбодод нь нөлөөлж эхэлжээ. 2023 онд уушгины үрэвсэл, гүвдрүү, сонсголын доголдол гэх мэт эрүүл мэндийн олон асуудалтай болсон байна. Ядаж байхад ойр дотны хүнийх нь үхэл ч нэрмээс болж, 2024 онд үе мөч нь өвдөж, дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд байнга илэрч эхэлжээ.
Ингээд өнгөрсөн оны төгсгөлд шүтэн бишрэгчид нь түүнийг тэргэнцэр дээр суусан байгааг олж харсны дараа жинхэнэ шуугиан эхэлжээ. Цуу яриа ч зах замбараагаа алдав. Энэ бүхэн нийтлэлийн эхэнд дурдсанчлан Заог цахим хаягтаа үнэнийг өгүүлэхэд хүргэжээ.
Жүжигчин бүсгүйн биеийн байдал муудсаны улмаас арванхоёрдугаар сарын 18-нд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг түүний студи арванхоёрдугаар сарын 27-нд баталсан ч юунаас болж биеийн байдал нь тийм байдалд орсныг тодорхой хэлээгүй байна. Жаогийн “Weibo” хаягийг арванхоёрдугаар сарын 27-нд түр хугацаагаар хаасны дараа шүтэн бишрэгчид нь түүнд улам их санаа зовж эхэлсэн байна.
Жаогийн найз буюу "The Romance Of Tiger and Rose" кинонд Жаотой хамтран тоглосон жүжигчин Вэй Шиао арванхоёрдугаар сарын 29-нд Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох "Xiaohongshu" платформ дээр Жаогийн тэргэнцэр дээр байгаа зургуудыг оруулж, “Жао хэсэг хугацаагаар ярих чадвараа алдсан байсан. Одоогоор түүнийг эмчилгээнд оруулсан учир түүний биеийн байдал арай дээрдэж байна” хэмээн Вэй нийтэлжээ.
Энэ хооронд Жао нэгдүгээр сарын 1-нд Хятадын богино хэмжээний видео платформ буюу “Douyin” дээр 2024 оныхоо тоймыг харуулсан богино бичлэгээ нийтэлсэн бөгөөд түүний эмнэлэгт хэвтэж, тэргэнцэр дээр сууж, алхаж, хооллохдоо бэрхшээлтэй тулгарч байгааг харуулсан зургуудыг хамт багтаасан байв.
Энэхүү мэдэгдэл, нийтлэлүүд нь Жаогийн шүтэн бишрэгчид болоод олон нийтийн дунд яригдаж байгаа том сэдэв болж, тэдгээр хүмүүс Жаогийн хүчирхийлэгч хэн байсан болохыг олж тогтоохоор олон таамаг гарган, Жаогийн агентлагаас мэдэгдэл гаргахыг шаардсан байна.
Түүнээс үүдэн "Story Of Yanxi Palace" (2018) киноны найруулгаар алдаршсан Хятад продюсер Юй Жэнийг Жаогийн дэмжигчид нь цахим орчноор дамжуулан түүнийг дээрэлхэж эхэлсэн ба Юй энэ явдалд хандан хариу өгчээ.
Тэрбээр “Weibo” сайтад Жаод хандан “Би чамд юу хийсэн юм бэ? Чамайг алдартай болохоос өмнө би олон хүнд сурталчилан, хэрэгтэй үед чинь ярилцдаг байсан. Энэ эмх замбараагүй байдалд яагаад намайг хутгаад байгаа юм бэ?" хэмээх пост хийсэн байна.
Мөн Хятадын жүжигчин Жао Лүсиг болон Жаогийн өмнөх менежер байсан Шү Еирог дурдан, “Та хоёрын дунд ямар ч асуудал байсан намайг битгий оролцуулаарай” хэмээн бичжээ. Шү олон нийтийн сүлжээгээр ямар нэг зүйл хэлээгүй юм. Гэвч түүний өмгөөлөгч нэгдүгээр сарын 2-нд мэдэгдэл хийсэн бөгөөд мэдэгдэлдээ Шү нь Жаог биеэр хүчирхийлсэн, гэрээг цуцлахдаа их хэмжээний төлбөр нэхэмжилсэн гэх мэдээлэл худал бөгөөд ийм мэдээллийг тараасан хүмүүсийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэжээ.
Жао нь удаан хугацааны дараагаар шүтэн бишрэгчидтэйгээ нэгдүгээр сарын 25-нд эргэн уулзахаар төлөвлөсөн тухайгаа хэд хоногийн өмнө зарласан. Тэрхүү зарлал дэмжигчдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн ба Жаод зориулан олон эерэг сэтгэгдлүүд давалгаалан, хурдан эдгэхийг хүсчээ.
Эх сурвалж: The Straits Times, India Times
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх