Цэс Close

Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа. Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа. Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авлаа.

 Товч мэдээ
·      Улаанбаатар хотноо 2023 оны тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газр хоорондын комиссын IX хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
·      Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
·      “Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны наймдугаар сард болно. Тус фестивалийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
·      Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх  хүрээнд “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг бий болгох, гадаад худалдаанд холбогдох төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
·      Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж, арга хэмжээ авч буй юм.
·      Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
·      “Эрчим хүчний цогцолбор шивээ энержи төслийн нэгж болон Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах