Цэс Close

Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллахдаа ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ байхад туслах шилдэг аргууд...

1.ӨДӨР ТУТМЫН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРГАХ

Бүтэн цагаар эсвэл хагас цагаар гэрээсээ ажиллахад хамгийн чухал зүйл бол өөртөө өдөр тутмын цагийн хуваарь гаргах юм. Ингэснээр ажлаа төлөвлөснийхөө дагуу дуусгах болон ажлын хамт олонтойгоо харилцахад амар болно. Тухайн хүн бүрийн ямар ажил эрхэлдгээс шалтгаалаад цагийн хуваарь ч мөн ялгаатай байх юм.

Өдөр тутмын цагийн хуваарь гаргахад анхаарах чухал хүчин зүйлс:

  • Удирдлагуудтайгаа уулзалт, хурал хийх үе
  • Хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчтэй харилцах боломжтой үе
  • Үр бүтээмж өндөртэй байх үе

Та заавал өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд ажиллах ёстой гэсэн үг биш. Харин хамгийн үр бүтээмжтэй цагтаа ажлаа зөв төлөвлөж гүйцэтгэл өндөртэй байх нь чухал.

2.АЖЛЫН БОЛОН ХУВИЙН ЦАГАА ЯЛГАЖ САЛГАХ

Ажлын болон гэр бүлдээ зарцуулах цагаа салгаснаар таны ажлын бүтээмж нэмэгдэж, стрессээс ангид байх ач холбогдолтой. Харин төлөвлөснөөсөө илүүгээр ажлын цагаа уртасгах нь таныг залхаах, эрч хүчгүй болоход нөлөөлнө. Жишээлбэл, гэр бүлтэйгээ оройг өнгөрөөж байхдаа ажилтай холбоотой цахим шууданг шалгах, дуудлага хүлээн авахгүй байх хэрэгтэй.

3.УРСГАЛ АЖЛУУДАА НЯГТ ТӨЛӨВЛӨХ

Энэ нь та ажлаа эхлүүлэхээсээ өмнө, ямар ажлыг нэн түрүүнд амжуулах, үүнийг хийхэд хэдий хэр хугацаа шаардлагатай, илүү цаг гарвал өөр ямар ажлыг амжуулж болохыг нямбай төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Та орой унтахаасаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөвөл зохилтой. Учир нь та шөнө маргааш хийх зүйлдээ санаа зовохгүйгээр амарч чадна.

Төлөвлөгөө гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Нэн шаардлагатай ажлаа хамгийн түрүүнд хийх
  • Өөртөө тохируулж ажлаа төлөвлөх (эрч хүчтэй үедээ хамгийн хүнд ажлаа амжуулах)
  • Завсарлагын цагаа төлөвлөх. Ингэхдээ ажлынхаа дундуур өөрийгөө урамшуулах бяцхан зүйлийг сэдэж олж болно.

Дээрх зүйлсийг төлөвлөснөөр та өөр зүйлсэд амархан сатааралгүйгээр, үр бүтээмжээ нэмэх боломжтой.

4.ТАРХИА ЧӨЛӨӨЛЖ, ЗАВСАРЛАГА АВ

Өдөрт төлөвлөсөн их ажлынхаа хажуугаар өөртөө завсарлагааны цаг гаргах нь чухал тухай дээр дурдсан. Цэвэр агаарт түр гарах, кофе уух, бусадтай ярилцах зэргээр өөрийгөө ажлаас түр холдуулах нь зүйтэй. 2011 оны нэгэн судалгаагаар ажлынхаа дундуур богино завсарлага авч оюун санаагаа сэргээдэг ажилтнууд, огт завсарлага авдаггүй ажилтнуудаас  ажлын бүтээмж өндөр байдгийг тогтоосон байдаг. Тиймээс ажлынхаа дундуур богино хэмжээний завсарлага авч сурвал таны ажлын бүтээмж өсөх болно. Завсарлага авснаар бидний тархи юунд илүү их анхаарлаа хандуулах эсвэл амарч болох цаг үеийг ялгаж авч үзэх юм.

Мөн өндөр бүтээмжтэй ажилтнууд ойролцоогоор 50 минут анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллаж 15-20 минутын завсарлага авдаг тухай өөр нэгэн судалгаанд дурджээ.

5.АЖИЛДАА ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ ХУВЦАСЛАХ

Гэрээсээ ажиллахдаа хэн нэгэнтэй уулзах шаардлагагүй байгаа ч гэсэн өөрт тухтай албаны хувцсаа өмсөхийг хичээгээрэй. Мөн өмнө нь өглөө ажилдаа явахдаа өөрийгөө бэлддэг шигээ бүх зүйлээ хийх хэрэгтэй. Гэрийн хувцас тухтай ч танд залхуу хүрэм, уйтгартай мэдрэмжийг өгөх эрсдэлтэй.

6.АЖИЛ ДЭЭРЭЭ БАЙДАГ ШИГЭЭ ОРЧИНГ ГЭРТЭЭ БИЙ БОЛГООРОЙ

Хүмүүс гэрээсээ ажиллахдаа ихэнхдээ буйдан эсвэл орон дээрээсээ ажлын өдрөө эхлүүлэх хандлагатай байдаг. Гэвч энэ нь ажлын үр бүтээмжийг бууруулах гол шалтгаан болдог. Тиймээс өөрийнхөө байгаа байдалд тохируулан ажлын өрөө, тухтай сандал, ширээгээ бэлдэх нь хамгийн чухал. Ингэснээр тархинд амрах биш ажлаа хийх сэдлийг төрүүлж өөртөө итгэлтэй, зохион байгуулалттай ажиллахад тусална.

7.АНХААРЛЫГ ТАНЬ САРНИУЛАХ ЗҮЙЛСЭЭС ХОЛ БАЙХ

Гэрээсээ ажиллах үед хүүхдүүд, дүү нар, бусад гэр бүлийн гишүүд, өрөөний хамтрагч, эсвэл гэрийн тэжээмэл амьтад анхаарал сарниулах нь олонтаа. Тэгвэл та энэ байдлаас өөрийгөө сэргийлж тэдэнд эвтэйхнээр ойлгуулах хэрэгтэй. Ажиллаж байх үедээ олон зүйлд анхаарлаа хандуулах нь бүтээмжгүй байдлын нэгэн шалтгаан юм.

8.АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛЭХ

Албаныхаа оффист очиж ажиллахаас ялгаатай нь та ажлын өрөөгөө өөрөө цэвэрлэх хэрэгтэй. Цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж ажиллах нь ажлын зохион байгуулалт, үр бүтээмж, төвлөрөх чадварыг сайжруулдаг ач холбогдолтой. Ялангуяа цар тахлын үед ажлын өрөөндөө цаг тутам агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж заншаарай.

9.ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛАХ

Та гэрээсээ ажиллаж буй учир хамт ажиллагсдадаа саад болно гэж эмээхгүйгээр дуртай дуу хөгжмөө сонсох боломжтой. Ингэснээр дуртай дуугаа аялангаа ажлаа хөгжилтэй хийж болох юм.

 10.АЖЛЫНХАА ХАМТ ОЛОНТОЙГОО ХОЛБООТОЙ БАЙХ

Ажлын байранд ажиллахын давуу тал нь хамт олонтойгоо ойр байж, нийгмийн харилцаанд тогтмол орох явдал юм. Хэдийгээр та гэрээсээ ажиллаж байгаа ч гэсэн энэхүү үнэ цэнтэй харилцаагаа  алдах шаардлагагүй. Та долоо хоногт хэд хэдэн удаа ажлын хамт олонтойгоо утас, видео чат, цахим шуудангаар холбогдож, харилцах бүрэн боломжтой.

Та энгийн хэрнээ үр дүн дагуулах өөрчлөлтүүдийг хийснээр өндөр бүтээмжтэй ажиллаж чадна. Гэрээсээ ажиллаж буй танд амжилт хүсье. Бүхнийг гартаа оруулсан мэт цэгцтэй байлгах боломж хүн бүрд бий. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах