Х.Нямбаатарын эхний ажил бол Д.Сумъяабазарыг шалгах шүү
-Нийслэлчүүд Х.Нямбаатарыг автобусны худалдан авалтыг шуурхай шалгаж, нэн тэргүүнд суудлаасаа буусан Д.Сумъяабазарт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна-
Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь өчигдөр УИХ чуулганы хуралдаанаараа чөлөөлсөн. Тэрбээр хуулийн сайд, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж Улаанбаатар хотын захирагч, Засаг дарга болж буй. Хотын дарга нь солигдоод л ногоон автобус мартагдах уу. “Ногоон автобусны алдагдалд хэн хариуцлага хүлээх вэ” гэдэг асуулт хэвээр байна. “Ногоон автобус”-ны алдагдалд Д.Сумъяабазар нар огцорсноос өөрөө хариуцлага хүлээхгүй мартагдаж хот автобусгүй, төсөв мөнгөгүй болж үлдсэн.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, асуулт хариулт авч үед Х.Нямбаатар "Автобусны худалдан авалт төрийн нууцад хамрагдаагүй гэдэг мэдээллийг авсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороогүй бөгөөд автобусны худалдан авалтыг Худалдан авах тухай хуульд зааснаар харьцуулалтын аргаар авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Автобусны худалдан авалтыг шуурхай шалгаж шийднэ" гэсэн юм.
Огцроод өнгөрөх бус хариуцлага хүлээдэг тогтолцоо манайд хэзээ хэрэгжих вэ. Огцорч байгаагаа хариуцлага хүлээж байгаа мэтээр ойлгодог улстөрчдөд хэзээ хариуцлага хүлээлгэж сургах вэ. Алдаа завхрал гарах төдийд огцроод л өнгөрдөг жишгээр цаашид явж болохгүйг нийслэлчүүд хатуу байр сууриа илэрхийлж буй. Нийслэлчүүд Х.Нямбаатарын хамгийн түрүүнд хийх ажил бол автобусны худалдан авалтыг шуурхай шалгаж, нэн тэргүүнд суудлаасаа буусан Д.Сумъяабазарт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.
Энэ талаар АН ч байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Өнгөрсөн 7 жилийн хугацаанд МАН эрх барьж, бүх сайд энэ намаас гарч ирсэн. Ний нуугүй хэлэхэд Х.Нямбаатар супер хүн болсон шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд бүх асуудал руу орлоо. Эдийн засаг, хууль, утаа, хөрөнгө оруулалт гээд мэддэггүй ч юм алга. Ийм юм байж болохгүй. Эрх мэдлийн зарчим алдагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатараас өөр хүнд итгэдэггүй юм байна. Х.Нямбаатар хотод шударга ёсыг тогтоох гэж байгаа бол ажлаа аваад хамгийн түрүүнд Д.Сумъяабазарыг хуулийн байгууллагад шалгуулах ёстой. Худалдан авалтыг хэрхэн хийснийг шалгуулах ёстой. МАН бүх асуудлыг өөрсдөөсөө хайх ёстой. Бүх эрх мэдэл, боломж нь өөрсдөд нь байсан шүү дээ. Худалдан авах ажиллагаа буруу байна гэвэл хуулиа өөрчлөхгүй яасан юм" гэсэн.
Тиймээс Хотын даргаа, таны эхний хийх ажил бол албан тушаалаасаа огцроод өнгөрдөг жишгийг халж, хариуцлага тооцдог жишгийг бодитоор бий болгох юм шүү.
Сэтгэгдэл үлдээх