Х.Нямбаатар: БНСУ-ын авлигатай тэмцэх арга барилыг нэвтрүүлж хамтарна

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Авлигатай тэмцлээ сайн хийж чадсан улс орны эдийн засаг эрүүлжиж өсдөг. Солонгос улсын эрчимтэй хөгжиж байгаагийн цаад нууц бол бизнесийн эрхзүйн орчноо эрүүлжүүлж чадсан байна. Бизнесийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байна. Эрсдэлийн үнэлгээгээ бууруулсан байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн гарах нөхцөл боломжуудыг бүгдийг нь хаасан зэрэг олон үзүүлэлтүүд байгаа учраас Авлигийн индексээр маш сайн үзүүлэлт үзүүлж чадаж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ийнхээ хэмжээгээр дэлхийд нэлээд дээгүүр жагсаж байгаа. Бид авлигатай хийх тэмцэл гэдгийг зөвхөн АТГ хэдэн хүн барьж хорьж, шүүх хичнээн хүнд ямар ял шийтгэл оногдуулав гэдэг явцуу үзүүлэлтээр дүгнэх нь зохимжгүй гэдгийг гадны эрдэмтэд судлаачид бидэнд байнга зөвлөж байгаа. Авлигын төсөөллийн индексийг бууруулах АХ-ийг ахалж байгаагийн хувьд дэлхийн хэмжээний профессор судлаачдыг авчирч авлигад өртөгдөж болзошгүй нийтийн албан тушаалтнуудад лекц уншуулах, хандлагыг өөрчлөх тал дээр нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч байна. Тиймээс "Транспэрэнси Интэрнэшнл" олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч манай улсад ирээд байна. “Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийг 13 үзүүлэлтээр шалгадаг. Зөвхөн нэг шалгуурыг нь хангахын тулд манайд 49 зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжүүд дээр төр засгийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаагаас шалтгаалж, индекс гардаг. Бүх салбарт ялангуяа бизнесийн эрх зүйн таатай боломжийг бий болгох нь авлигатай хийх тэмцлийн нэг жигүүр. Ер нь авлигын төсөөллийн индексийг бууруулахад бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. БНСУ-ын хууль сахиулах байгууллагын хүмүүстэй жич ярьж байна. Тодорхой тооны хүмүүсийг шилжүүлж авч ирэх талаар ярьсан. Мөн БНХАУ-тай энэ талаар бас ярьж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх