Цэс Close

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд тогтолцоог тусгах нь зөв. Харин тооны харьцааг шууд бичих нь эрсдэлтэй

Хуульч Х.Тэмүүжин "Үндсэн хуульд тоо бичихээс илүүтэй ерөнхий зарчмаа бичих нь Үндсэн хууль гэдэг баримт бичгийн онцлог юм байна гэдэг талаасаа судлаачдын зүгээс ч АН-ын саналуудыг боловсруулж байх явцад ажиллаж байсан хүмүүсийн нэлээд олон байр суурь дээр нэгдэл үүссэн. Үндсэн хууль дээр аль нэг тогтолцоо хэдэн хувьтай байна эсхүл 76 мажоритароор 76 пропорционалиар сонгоно гэдэг байдлаар бичих юм бол магадгүй нэг сонгуулийн дараа пропорциональ илүү байх ёстой юм байна гэдэг ч юм уу. Үндсэн хууль өөрөө тогтвортой бус болно. Үндсэн хуульд тэр хууль урт хугацаанд тогтвортой бодлогоо тодорхойлж үйлчилж байхын тулд хувь бичих зохимжгүй юм байна. Сонгуулийн тогтодцоо холимог байна гэж тодорхойлоод сонгуулийнхаа хууль тогтоомжоор энэ хувиа ярилцвал үр дүнтэй байж болох. Засгийн газраас барьсан Үндсэн хуулийн төсөл дээр дурдагдаж байх шиг байна. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт дээр АН-ын бодлого бол асуудлыг авч хэлэлцэхгүй дутуу орхисноосоо болоод дахин дахин гар хүрэхэд хүрээд байна. Холимог тогтолцоотой сонгуулийн алтернатив хувилбарыг 2019 онд санал болгож тавьсан. 2012 онд энэ тогтолцоогоор сонгууль нэг удаа яваад үгүй болсон. Тэр үед үүнийг үгүй хийсэн гол буруутан нь АН өөрөө байсан. Нэлээд зовж байж энэ хуулийг баталж байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн дараа АН, МАН-ын дарга хоёр хүн Цэц дээр гар бариад Цэцийг ашиглах замаар тогтолцоог үгүй хийсэн. Энэ сургамжаа одоо аваад Үндсэн хуулиар тогтолцоогоо баталгаажуулж өгөхгүй бол сонгуулийн өмнө намууд хоорондоо тохиролцох аль эсвэл эрх мэдэлтэй байгаа нам нь өөрийнхөө ашигтай байдлыг тулгах байдлаар яваад байж магадгүй юм байна. Тийм учраас Үндсэн хуульд ямар нэгэн аргаар тогтолцоог тусгах нь зөв. Тооны харьцааг шууд бичих нь эрсдэлтэй байна шүү. Эрх мэдэлтэй холбоотой Үндсэн хуулийн зохицуулалтууд учир дутагдалтай байгаа учраас Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн харилцан хяналтын тогтолцоо ажиллаж өгөхгүй байна. Ажиллахгүй байгаа шалтгаан яаж илэрч байна гэхээр УИХ, Засгийн газар байр суурь солигдоод байна. Парламент ард түмний нэрийн өмнөөс хууль батлаад түүнийг Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгааг хянах үүрэгтэй институци. Харамсалтай нь 30 жилийн байдлыг харахаар Засгийн газар улам  бүр данхайгаад парламентийнхаа дээр гарч ирдэг байдал анзаарагдаад байгаа учраас үүнийг шийдэх арга зам юу байх вэ гэдэг эрэл хайгуул үндсэндээ сүүлийн 20 жил явсан. Энэ 20 жилийн хариулт юу байсан бэ гэхээр хоёрхон л хариулт байсан. Нэг бол УИХ-ын гишүүд Засгийн газарт бөөнөөрөө ордог байдлыг хязгаарлах ёстой юм байна. Тэгж байж үлдсэн хэсэг нь Засгийн газрыг хянах хэмжээний сонирхлын зөрчилгүй болох юм байна. Эсхүл хэтэрхий жижиг ардчиллын төлөөллийн болон хариуцлагатай механизмыг ажиллуулж чадахгүй байгаа энэ парламентийг томруулах хоёр л хувилбар байна. Хоёр хувилбарын нэгийг 2019 онд туршсан. Тэр үед АН-ын байр суурь маш тодорхой байсан. Тоогоо нэмчихвэл яасан юм бэ гэж" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах