Цэс Close

Ч.Амарсанаа: Манай төслөөр суралцсан хүүхдүүд төгсөхдөө дунджаар IELTS-ийн 6.5 оноо авах зорилгод чиглэгдэж байгаа

“Talk Talk English” боловсролын төв нь манай улсад анх удаа монгол хүүхдийн сурах онцлогт тохирсон англи хэлний сурах бичиг, сургалтын иж бүрэн төслийг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Энэхүү төсөл нь   ахлах сургуулиа төгсөхөд хүүхдүүд IELTS-ийн 6.5 оноо ба түүнээс дээш авах нөхцөл бололцоог хангах зорилготой юм. 

    Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх “К1-К12” төслийн санаачлагч, “Talk Talk English” боловсролын төвийн үүсгэн байгуулагч, спортын мастер, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тэкболын холбооны үүсгэн байгуулагч Ч.Амарсанаатай ярилцлаа.

- Манай улсад анхны гэж хэлж болох монгол хүүхдэд зориулсан англи хэлний сурах бичиг, сургалтын хөтөлбөр гаргаж байгаа юм байна. “К1-К12” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Англи хэлний “К1-К12” буюу “Kids1-Kids12” төсөл нь сурагчид нэгдүгээр ангиасаа эхлээд 12 дугаар анги төгстөл хичээллэх цогц хөтөлбөр юм. Манай “Talk Talk English” боловсролын төв нь 17 жилийн туршлага, судалгаа шинжилгээн дээр тулгуурлан монгол хүүхдэд зориулсан монгол контенттэй, монгол ахуй, зан заншлыг багтаасан англи хэлний цогц сурах бичиг боловсруулан гаргах, хэрэгжүүлэх төслөө эхлүүлэн ажиллаж байна. Сурах бичгийн багцад ангийн болон гэрийн ажлын ном, аудио сонсох хичээл, англи хэлээр унших богино өгүүллэгийн уншлагын ном багтахын зэрэгцээ сурах бичгийн голлох дүрмүүдийг мөн шинэ үгсийг монгол хэл рүү орчуулж МУИС-ийн хэл шинжлэлийн эрдэмтэн багш нараар хянуулан ажиллаж байна.

    Монгол хүн холын замд хос морьтой явдгийн адил бид монгол хэлийг дархлаа, англи хэлийг хэрэглээ болгон зэрэгцүүлэн төгс эзэмшүүлэх хэрэгтэй.

“К1-К12” төслөө хамтын ажиллагааны хүрээнд “Олонлог” сургуульд 2024 оны 9-р сарын 1-нээс эхлэн шинээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. “Олонлог” сургуультай 2013-2015 онд хамтарч ажиллаж байсан. Тус сургууль  ЭЕШ-ын шалгалтад математикаар маш өндөр оноо авдаг. Тухайн үед англи хэлээр хангалттай  үнэлгээ авах, гадаадын хүссэн сургуульдаа тэнцэх, тэтгэлэг авах боломжийг нэмэгдүүлэхээр анх бидэнд хамтран ажиллах санал тавьж байсан. Бидний хамтын ажиллагааны үр дүнд 2015 онд ЭЕШ-аар “Олонлог” сургуулийн ахлах ангийн хүүхдүүд түүхэндээ анх удаа англи хэлний хичээл дээр математикийн хичээлээсээ илүү өндөр оноо авч байсан.

- Манай улсын ЕБС-д англи хэл заах аргачлал, сургалтын түвшин нь ямар түвшинд байгаа бол?

-Манай улсад Oxford, Cambridge, Pearson зэрэг олон улсын хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч эдгээр хөтөлбөр нь унаган англи хэлтэй шахуу хүүхдүүдийг академик түвшинд сургахад зориулагдсан. Хоёрдогч хэлээ сурч байгаа монгол хүүхдэд тусгайлан зориулагдаагүй хөтөлбөр. Олон улсын дээрх төслүүд нь ч монгол дүр, ахуй контент байхгүй, орчуулга байхгүй, дэндүү олон мэдээллийг оруулсан байдаг тул ойлгоход төвөгтэй учраас хүүхдэд шууд буудаггүй, хүндрэлтэй байдал ажиглагддаг. Дээрээс нь эдгээр хөтөлбөрийг сайтар ойлгоод хэрэгжүүлэх багшлах боловсон хүчин маш хомс. Өөрөөр хэлбэл үүлэн дээгүүр хөвж яваа хөтөлбөрүүдийг хөрсөө бэлтгэлгүй үр суулгаж тариалан тарих гэж байгаа шиг хүчээр хэрэгжүүлэх гэж байгаатай санал нийлэхгүй байгаа. Гадны өндөр хөгжилтэй орны юм болгон бүхэн сайн сайхан байдагггүй. Нэгдсэн нэг сайн стандарттай сургалтын хөтөлбөр байхгүйгээс хүүхдүүд ЕБС-иа төгсөхөд англи хэлний мэдлэг чадвар нь ямар түвшинд байгааг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Гадны юм болгон сайн сайхан байдагггүй. Нэгдсэн нэг сайн стандарттай сургалтын хөтөлбөр байхгүйгээс хүүхдүүд ЕБС-иа төгсөхөд англи хэлний мэдлэг чадвар нь ямар түвшинд байгааг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Англи хэл өмнө нь мэргэжил байлаа. Одоо хэрэгцээ шаардлага болчихсон. Англи хэл хувь хүн болоод улс орны хөгжилд маш том давуу талыг үүсгэнэ. Хэлгүй бол хөлгүй гэгчээр англи хэлгүй хүн олон боломжоос хоцордог. Тиймдээ ч  төрийн бодлогын түвшинд манай улс англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл гэж зарласан. Харамсалтай нь төрийн эрх бүхий байгууллагуудаас боловсролын салбар, англи хэлний чанар, стандартыг хангах бодлогын дэмжлэг хэр олгож байна вэ гэдэг нь асуудал болоод байна.

- Монгол хэлний зэрэгцээгээр англи хэлийг хэдэн наснаас заах нь тохиромжтой юм бэ?

-Олон улсад жишиг болсон Финлянд улсын жишээ байна. Үндсэн фин хэлнийхээ зэрэгцээгээр англи хэлийг маш сайн сургадаг. Финляндын ахлах сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд IELTS-ийн 7 оноог бүгд жигдхэн авч байна.

Финлянд эхлээд эх хэл буюу фин хэлийг зааж, гуравдугаар ангиас англи хэл заадаг. Хувийн хэвшлийн болон улсын сургуулиуд бүгд ижил, нэг стандарттай, нэг хөтөлбөрөөр явдаг. Тэднийх хөрсөө сайтар бэлдчихээд 2021 оноос хойш англи хэлний боловсролыг нэгдүгээр ангиас заадаг болчихлоо. Тэгээд эх хэл, англи хэлний зэрэгцээ дөрөвдүгээр ангиас нь гуравдагч хэлийг бас төгс эзэмшүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. Финляндад 5-15 насны хүүхдэд гэрийн даалгавар өгөхийг хориглодог. Хичээл тарсан цагаас хойш хүүхдүүд спорт, урлаг, гэр бүлийнхэнтэйгээ цаг заваа өнгөрүүлэх гэх мэтээр тухайн хүүхэд нийгэмших, өөрийгөө таньж мэдэх цагийг зориуд олгодог. Боловсролын системээрээ хүүхэд бүрийн өөрийн өгөгдөл онцлог, сонирхлыг гаргаж ирэхийг зорьдог.

Бид эх хэлээ эхэнд нь тавьж, маш сайн сургахын зэрэгцээ англи хэлийг ч дутахааргүй сайн заах ёстой. Ингэж хоёр хэлийг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломжтой юм. Чадвартай багш хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээр монгол хэл, англи хэлийг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй юм. Монголын  ирээдүй бол хүүхэд залуусын боловсрол. Монгол залуусыг дэлхийтэй холбох гүүр бол англи хэл. Дэлхийн боловсрол, орчин үеийн мэдээ мэдээллийг олж авах гол эх сурвалж нь англи хэл.

- “К1-К12” төслийг ерөнхий боловсролын бусад сургуульд нэвтрүүлэх бололцоотой юу?

-Өнөөдөр маш сайн хөтөлбөр, сургалтын аргачлал байлаа ч ЕБС-д хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг давахад амаргүй байдаг. Хувийн сургуулиуд харин сургалтаа дээшлүүлэхийн тулд хамгийн түрүүнд соргогоор анзаарч, хамтран ажиллах сонирхолтой байдаг.

“Олонлог” сургууль дээр хэрэгжих “К1-К12” төслийг 2024-2025 оны хооронд эхний ээлжинд 1-2 дугаар анги, 6-7 дугаар ангийг сонгон авч эхлүүлж байна. Үүний дараагаар бүх ангиудад хичээллэх гэх мэт үр дүнг тооцсон шат дараалалтай явна. Төсөл маань амжилттай хэрэгжээд үр дүн гараад эхлэхээр магадгүй 1-2 жилийн дараа хувийн болон төрийн өмчит сургуулиудтай хамтран ажиллах байх аа.

- Танайхаас эрхлэн гаргасан “Цүнхний ном” цувралууд их сонирхолтой юм?

-“Talk Talk English” боловсролын төв “Цүнхний ном” хөтөлбөрийн хүрээнд  монгол хүүхдийг цахим орчноос холдуулах, тэднийг номонд дуртай болгох, Англи хэлний мэдлэг, ойлгох чадварыг нэмэгдүүлэх, үгсийн санг нь баяжуулах зорилгоор богино өгүүллэгийн цуврал ном англи хэлээр эрхлэн гаргадаг болсон. Хэлний мэдлэгийн 5 түвшинд тулгуурласан бодит амьдрал, болсон явдал, уран зохиолын фантаз, хий үзэгдэл гэх мэт сонирхолтой сэдвүүдийг багтаасан ном. Нэг номонд 6 өгүүллэг багтана. Шинэ түлхүүр үгийн орчуулгыг арын хуудсанд байрлуулсан. Одоогоор 30 гаруй ном эрхлэн гаргасан.

- Та өөрөө англи хэл хэрхэн сурч байв. Спортын хүн хэрнээ боловсролын салбар руу яаж яваад орчихов?

-1984 оны Лос-Анжелесын олимпыг социалист системийн орнууд эсэргүүцэж, бойкот хийсэн. Тэр үеэр социалист орнууд “Найрамдал 84” гээд наадам зохион байгуулсан юм. БНАСАУ-ын Пхеньян хотод болсон наадмын ширээний теннисний төрөлд Монголоос оролцлоо. Би 14 настай, Д.Санжмятав багшийнхаа удирдлага дор Монгол Улсын ширээний теннисний улсын шигшээ багийн ах нартайгаа цуг явсан. Тэнд очсон чинь ярьдаг хэл нь ганцхан англи хэл. Тэгээд англи хэл сурахгүй л бол болохгүй юм байна гэдэг итгэл үнэмшлийг 14 настай байхдаа авсан. Буцаж ирээд англи хэл сурахыг хүссэн боловч тухайн үед англи хэл сурахад хаалттай. 1988, 1989 онд Орос, Хятад болон БНАСАУ гэх мэт улс орнууд руу тэмцээнд явдаг байв. 1991 онд Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн тамирчнаар явлаа. Тэнд бас л бүгд  англиар ярьж ойлголцоод байхад Монголоос очсон тамирчид таг шүү. Энэ үеэс англи хэл сурах шаардлага өөртөө хатуу тавьсан.

- Тэгээд яаж суралцав?

-1995 онд Англи руу орчинд нь очиж сурна гээд явсан. Жилийн дотор л баруун солгойгүй англиар ярьдаг болчихно доо гэж төсөөлж байсан ч бодит байдал дээр өөр байлаа. Англи хэлний сургалтын сайн гэх хэд хэдэн төвүүдэд суралцсан. Бүгд уламжлалт аргаар англи хэл заадаг үр дүн муутай. Суралцахаа бүрэн зогсоогоод ажил хийж байтал манай ажлын Испани найз надад Лондоны Оксфорд гудамжинд байрлах Каллан гэж сургууль санал болгосон. Найзынхаа сэтгэлийг бодоод очсон чинь анхны монгол хүн ирсэн тохиолдол нь би болж таарсан. Манай сургуульд 7 хоног үнэ төлбөргүй сууж, сургалттай танилц гэсэн. Эхний өдрөө хичээлд суугаад л чихний бөглөө арилж, амны хайрцаг нээгдэх шиг болсон. Сургалтын арга барил нь бусдаасаа өөр, сурахад маш тохиромжтой юм байна гэж ойлгоод хичээл тараад менежерт хэлж шууд суралцах шийдвэр гаргасан. Англи хэлний боловсрол эзэмших сууриа анх тэндээс олж авсан. 1998 онд эх орондоо ирэхдээ яг энэ арга барилаар англи хэл заана гэсэн том зорилго өвөртөлсөн. Гэвч 2007 он хүртэл унаган англи хэлтэй сайн хамтрагч олдоогүй. 2006 онд Монголд Сингапурын хөрөнгө оруулалттай Хартфорд институтэд багшаар ажиллаж байхдаа Английн иргэн багштай танилцсан. Түүнд сурах арга барил нь шинэлэг англи хэлний сургалтын төв байгуулъя гэхэд “Монголоор дүүрэн англи хэлний сургалтын төв байхад наад санаа чинь бүтэхгүй” гэж хэлдэг байв. Тэгсэн нөгөө англи найз маань Лондон руу амралтаараа явлаа. Би түүнд “Чи миний очсон сургуулийн хичээлд очиж суугаад үзээч. Сургалтын арга барил нь таалагдвал хоёулаа сургалтын төв байгуулъя. Таалагдахгүй бол энэ сэдвийг хаая” гэж хэлсэн. Тэгсэн Тревор  найз маань хичээлд сууж гарч ирээд л утсаар “Амраа үнэхээр сайн сургалтын аргатай юм байна. Хоёулаа компаниа байгуулъя. Чи наанаа ажлаа шууд хөөцөлдөж эхэл” гэж хэлсэн. Тэгээд л “Talk Talk English” төвөө байгуулсан түүхтэй.

- Англи хэл олон жил сурч байгаа хэрнээ бодит байдал дээр ярьж, ойлголцох түвшинд ч хүрч чадахгүй хүмүүс олон байх юм. Танай төвийн сургалтын арга барил юугаараа онцлогтой вэ?

-Амжилтанд хүрэхэд дөт зам байхгүй гэж би боддог. Боловсрол эзэмших, чадвартай, шилдэг болоход тодорхой хугацаа процесс шаардана. Цаг хугацаа зарцуулж, хөлс хүчээ шингээж байж үр дүнг хүртэнэ. Хэл сурахад гол нь сургалтын арга барил, чөлөөтэй ярих нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр, стандарт, сайн боловсон хүчин чухал. Манай төвийн сургалт нь шинэ үг, шинэ дүрэм заагаад түүнийг шууд өгүүлбэр оруулан яриан дээр суурилан явагддаг. Ангид бичиж тэмдэглэх зүйл бараг байхгүй. Тодорхой үг өгүүлбэрийг өөрийн болгож эзэмшсэний дараа бүгд бичих зүйл бол цээж бичиг. Ер нь манай төв дээр ирээд хичээлд нь биеэрээ ирж сууж сургалтын аргатай төлбөргүй танилцаарай гэж хүсэж байна.

ЕБС-аа төгсөж байгаа залуус англи хэлний мэдлэг чадвар муугаасаа болоод гадаадын хүссэн сургуульдаа явж чадахгүй байгааг бууруулах зогсоох, улмаар дэлхийн боловсролоос суралцах боломжийг хүүхэд залууст хүртээмжтэй болгох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх нөхцөлийг хангахыг “Talk Talk English” хамт олон зорин хичээн ажиллаж байна.

Дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах хөгжлийн гүүр нь болсон Англи хэлийг шамдан суралцаарай гэж залуусдаа хэлмээр байна.

- “Talk Talk English” төв харааны бэрхшээлтэй багш, сурагчдыг дэмжсэн сайн дурын төсөл хэрэгжүүлдэг юм байна. Та энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Бид нийгмийн хариуцлагын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд англи хэлний боловсрол олгох “EVI” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 3 жил болж байна. Энэ төсөл одоо ч хэрэгжиж байгаа. Манай төвд харааны бэрхшээлтэй хоёр ч багш ажиллаж байна. Манай багш А.Лхамсүрэн англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудаас багш шалгаруулалтаар тэнцэж манайх багшаар авсан. Бид Лхамаа багшид бүх багш нарын адил үүрэг хүлээлгэж эрхийг нь эдлүүлдэг. Мэдлэг, боловсрол, чадвараараа үнэлэгддэг багш Лхамсүрэнгийнхээ энэ амжилтад урамшаад цаашаа нэг ч гэсэн хүүхдийн амьдралд өнгө гэрэл нэмэх зорилгоор манай төвөөс харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчдад үнэ төлбөргүйгээр англи хэлний сургалт явуулдаг. Хүүхдүүд ч үнэхээр урамтай хичээлээ хийж, ар гэрийнхэн нь маш их баяртай байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цааш суралцах нөхцөл тун хомс. Танайхаас англи хэл заагаад эхэлсэн чинь хүүхдүүдэд урам зориг, ирээдүйд итгэх итгэл үнэмшил, зорилготой болж мөрөөдөл нь нэмэгдэж байна гэж хэлэх хүн цөөнгүй. Манай хоёр дахь багш болох Б.Ангараг-Эрдэнэ маань МУИС-ийн компьютерын IT инженерийн магистрт сурч байгаа. Маш сайн англи хэлтэй. Өнгөрсөн жил багшийн хандлага тодорхойлох ярилцлагад орох үеэрээ “Би 3-5 жилийн дараагаар Google компанид ажиллах зорилго, мөрөөдөлтэй” гэдгээ хэлж байсан нь үнэхээр бахархмаар санагдсан.

Одоо бид Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоонд санал тавьж, мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй харааны бэрхшээлтэй залууст англи хэлний сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэлсэн.

Манай байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын хүртээмжийг аль болох олон хүнд хүргэх зорилгоор сайн дурын аян, төсөл хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг. Бид аль болох залуус хүүхдэд боловсрол олгоё, амьдралын чанарыг дээшлүүлэх, урам зориг өгөхийг зорьж ажилладаг. Сайн дурын үйл ажиллагаагаа илүү тэлэхийн тулд ганц нэг байгууллагад хамтран ажиллаж туслаач ээ, жишээ нь хүүхдүүдэд хичээл заах хоёр багшийг маань ирж очих унааны зардал дээр ивээн тэтгэх хүсэлтийг тавихад “Манайд ашиггүй бол бид чадахгүй” гэх хариултыг өгдөгт сэтгэл өвддөг. Уг нь бидний энэ хэрэгжүүлж буй төсөл бол Хөдөлмөр нийгэм хамгааллын яам ч юмуу төрийн байгууллагаас хийгдэх ажил. Гэвч бид өөрсдийн нөөц бололцоогоор өнөөдрийг хүртэл төслөө хэрэгжүүлж байгаа шигээ, цаашид ч үргэлжлүүлсээр байх болно.

Ч.Амарсанаа: Амьдралд хэрэгтэй олон чухал чадварыг спорт  эзэмшүүлдэг

- Спортод улс орноо төлөөлж буй тамирчдыг үнэ төлбөргүйгээр сургадгийг санаж байна. Энэ нь бас нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажил уу?

-Зөвхөн спорт ч төдийгүй Монгол Улсынхаа нэрийг гаргаад явж буй олон хүнийг бид аль болох дэмжиж сургахыг зорьдог. Би хүүхэд байхаас шатар, ширээний теннисний спортоор хичээллэж ирсэн учраас спортод хайртай Спортын хөгжилд өөрийн чадах хувь нэмрээ оруулахыг хичээж ирсэн. Манай улс олимпоос анхны медаль  авсан 2008 оноос хойш улс эх орныхоо нэрийн хуудас болж буй тамирчид, шүүгч, олон улсын сэтгүүлчдээ дэмжье гэх бодол орж ирсэн.  Энхтайваны бэлгэдэл болсон олимп, олимпизм нь тухайн газартаа эв найрамдал, хайр, ард түмнийг бэхжүүлдгийг 2008 оны олимпын аваргууд бидэнд харуулсан. Тэгээд 2008 оны олимпын дараа Лондонд зуны олимп болох байсан. Лондонгийн олимпод манай тамирчид медаль авах нь тодорхой. Амжилт гаргах нь тодорхой. Олон улсын сэтгүүлчдийн анхаарлыг татах нь тодорхой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд тамирчдынхаа англи хэлний мэдлэгийг сайжруулах нь миний хийх ёстой ажил гэж бодоод Лондонгийн наадамд оролцох эрхээ авсан тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг 50-100% хөнгөлөлттэй сургах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мөн параолимпод оролцох тамирчдыг хамруулсан. Энэ төсөл маш амжилттай хэрэгжсэн. Түүнээс хойш спортын салбарынхныг сургаж байгаа. Спортын сэтгүүлчдийн холбоотой гэрээтэй ажилладаг бөгөөд сонирхсон хүнийг хөнгөлөлттэй сургадаг. Спортод шүүгчид маш чухал үүрэгтэй. Спорт чинь шударга өрсөлдөөний талбар. Тэр нөхцөлийг бүрдүүлэгч нь шүүгч. Тэр ч утгаараа шүүгч нар англи хэлний маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Тиймээс спортын олон холбоодтой хамтран ажиллаж, аль болох залуусыг англи хэлтэй болгох юмсан гэж боддог.

Та спорт, боловсрол хоёрыг хослуулахын зэрэгцээгээр залуу хойч үедээ дэмжин хөгжүүлэх олон ажлууд хийдэг. МҮОХ-ны зүтгэлтний хувиар ямар ажлууд хийж ирэв? 

-Би бүх спортод тэр дотроо ширээний теннис спортод маш дуртай. Хоршоолол нийгэмлэгт Хулганаа багшийн удирдлага дор шатрын спортоор 9 настайдаа хичээллэж 3 дугаар  зэрэг аваад,  11-тэй байхдаа  40 мянгатын 21 дүгээр байрны подвалд Д.Санжмятав багшаар ширээний теннис заалгаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ спортоор тууштай хичээллэж,  тэмцээн уралдаанд оролцсоор байна. Ширээний теннис хүн хэдэн настай ч сурч болдог, хөдөлгөөний хомсдолоос сэргийлдэг, гэмтэл бэртэл багатай, улирал нөлөөлдөггүй, маш гоё спорт л доо. Монгол Улсын хошой аварга Г.Жаргалсайханы хамтаар “Нийслэл” ширээний теннисний клубыг үүсгэн байгуулж, ажиллуулж байна. Хэрэв хүүхдээ спортоор хичээллэж эхэлбэл баярлах хэрэгтэй. Сургууль хичээлээрээ олж авахгүй,  амьдралд хэрэгтэй олон чухал чадварыг спорт  эзэмшүүлдэг. Жишээ нь тууштай байх, багаар ажиллах, өөрийгөө болон  өрсөлдөгчөө хүндлэх, ялах, ялагдах, эрсдэл хийх, зорилгоос зорилго руу тэмүүлэх, насан туршийн нөхөрлөл гээд дурдаад байвал олон зүйлийг спорт өгөх болно. Би 2017 оноос МҮОХ-ны ГЗ-ийн гишүүн, Спорт ба Идэвхтэй нийгэм комиссын даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд МҮОХ-ны Их Засаг хууль нь болсон Олимпын Харт, нууц товчоо нь болсон Спортын Удирдах ажилтны гарын авлага, гадны зочид төлөөлөгчдөд өргөн барих Монголын Үндэсний Спортын эмхэтгэл зэрэг бүтээлүүдийг орчуулан ном болгон гаргасан. 2018 онд Аргентин улсын Буйнос Айрес хотод болсон Залуучуудын Олимпын Наадамд Монголын багийн ахлагчаар спортын 6 төрөлд нийт 11 тамирчинтай оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж гайхалтай амжилт үзүүлж байсан минь сэтгэлд тод сайхан дурсамж болон үлдсэн.

- Та тэкболын спортыг Монголд  оруулж ирж хөгжүүлж байгаа. Энэ спортын талаар танилцуулахгүй юу?

-Тэкболын спорт 2015 онд Унгар улсад  үүсч, хөгжиж эхэлсэн. Ширээний теннис, хөлбөмбөгийн дундаас үүссэн. Хөлбөмбөгийн гаднах талбайн 5 номерын бөмбөгөөр хагас нуман ширээн дээр тоглодог. Орчин үед олон улсад хамгийн эрчтэй, хурдацтай хөгжиж байгаа спортын төрөл. 2019 онд миний бие Унгар улсад олон улсын холбооны хуралд сууж ирээд Монголын Тэкболын холбоог байгуулсан. Энэ спортоор Монгол Улсын хүүхэд залуучууд хичээллэж, олон улсын түвшинд амжилт гаргах бүрэн боломжтой гэж харж байгаа. Орчин үед спорт энтертайнмент тал руугаа орсон. Тэкболын спорт нь бэртэл гэмтэлээс хол, нас, хүйс харгалзахгүй хичээллэж болох онцлогтой спортын төрөл. Би 2023-2024 оны хичээлийн жилээс Монголын спортын ууган сургууль Биеийн тамирын дээд сургууль дээр “Спортын ур чадвар”-ын хичээл дээр Тэкболын хичээлийн хөтөлбөр боловсруулан 4 жилийн хугацаанд спорт, аргазүй сурах оюутнуудад тэкболын спорт зааж байгаа. Энд суралцаж байгаа оюутнууд тэкболын спортын анхны мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч болон төгсөхөд нь энэ спортоо хүлээлгэн өгч тэд маань цааш Монгол Улсад цэцэглүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Ярилцсан: Б.Долзодмаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах