Цэс Close

Ч.БАТЗОРИГ: Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд авто замыг өргөтгөн шинэчилж байна

Түгжрэлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Ард Аюушийн өргөн чөлөөнд хийж байгаа Толгойт, “Содон” хорооллын арын хэсгээр үргэлжлээд Гэмтлийн эмнэлгийн төв замтай холбогдох зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт хэрхэн өрнөж байгаатай танилцлаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Түгжрэлийг бууруулах хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг  өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаагаас хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Улаанбаатарын хэмжээнд 671 нэгж талбар газар чөлөөлсөн байна. Зөвхөн энэ бүтээн байгуулалтын хүрээнд 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбарыг чөлөөлөх ажил үлдлээ. Тодруулбал, тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжлээд байгаа зургаан иргэнтэй ойлголцож чадахгүйгээс болоод ажил удааширлаа. Энэ бүтээн байгуулалтын ач холбогдлын тухайд, хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай” гэв.

Тэрбээр мөн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд дараах ажлыг хийж байгааг онцоллоо. Тухайлбал, “RFID технологи буюу Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулж эхэллээ. Ингэснээр жолооч авто замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохоос гадна жолооч өөрөө замын сүлжээгээ хараад ачаалал багатай хэсгээрээ зорчих боломжтой болох давуу талтай. Технологийн системийн ачаар замын хөдөлгөөний танхайралтай тэмцэнэ. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2022 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй, 2023 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь огт төлөөгүй байна. Цаашид RFID системийн тусламжтайгаар торгуультай машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно.

Мөн дөрвөн байршилд төлөвлөсөн гүүрэн байгууламжуудыг ашиглалтад оруулна. 11 замын байгууламжийн ажлыг гүйцэтгэхээс долоог нь бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийнэ. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчих зургаан байршлыг тогтоож, хаалт хашлагуудыг хийж хэрэгжүүлнэ. Томоохон зах, худалдааны төвүүдэд зарим арга хэмжээг авна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд Нийслэлийн боловсролын  газар дээр лицей сургуулиудын салбарыг байршуулах ажил өрнүүлж эхэлсэн. Тодруулбал, лицей сургуулиудын салбарыг захын хорооллууд руу байршуулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах