Цэс Close

Шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өсчээ

Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг олон нийтэд танилцууллаа.   

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 3436 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 873 хүн, хорих ялаар 1273 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 76 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 3.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 3.9 хувиар тус тус буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өссөн байна.

Шүүхээс 3436 хүнийг нийт 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 446 хүнээр буюу 41.1 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 70 хүнээр буюу 31.4 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 30 хүнээр буюу 30.0 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулжээ

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилийн байдлаар нийт 73 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 5 хүн буюу 7.4 хувиар буурсан байна.  

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны хагас жилд харьяаллын дагуу зөрчлийн 10993 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 438 шийдвэрийг хянасан байна. 48 хуулийн этгээд, 2840 хүнд торгох шийтгэл, 8565 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 252 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 228 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 114 зөрчлийн хэрэгт буюу 50.0 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 59 зөрчлийн хэрэгт буюу 25.6 хувьд нь өөрчлөлт оруулж, 55 зөрчлийн хэрэгт буюу 24.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах