Шүүхээс эхнэрээ хөнөөсөн Куандык Бишимбаевт 24 жил хорих ял түүний үеэл Байжановт 4 жилийн хорих ял оноожээ
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр болох Салтанат Нукеноваг хөнөөсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус гэмт хэргийн шүүх хурал удаан хугацаанд үргэлжилсэний эцэст тангарагтны шүүх 44 настай Бишимбаевийг эхнэрээ тарчилаан зовоосон, удаа дараа хүчирхийлэл үйлдэж улмаар амийг нь хохироосон гэж үзэн 24 жилийн хорих ял оноолоо.
Харин Бишимбаевийн үеэл Бахытжан Байжановт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 4 жил хорих ял оноожээ. Учир нь Салтанат Нукенова өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Байжановын эзэмшдэг ресторанд нас барсан юм. Шалгалтын явцад Байжанов Салтанатад тусламж үзүүлэх боломжтой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Шүүгч ялын тогтоолыг уншиж дууссаны дараа Байжанов "Надад яагаад 4 жилийн хорих ял оноов. Би гэм буруугүй" хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа юм.
Шүүх хурлын дараа прокуроруудаас сэтгүүлчид яагаад Куандык Бишимбаевт бүх насаар нь хорих ял оноогоогүй талаар тодруулахад, Прокурор Cүүлийн 5 жилд болсон Эрүүгийн гэмт хэрэгт нэг ч удаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан болон ижил төстэй хэрэгт бүх насаараа хоригдсон тохиолдол байгаагүй. Бид байж болох хамгийн өндөр шийтгэлийг хүссэн. Бишимбаевт 27 жилийн ял төлөвлөсөн байсан гэжээ.
Харин хохирогчийн өмгөөлөгч Жанна Уразбахова шүүх хурлын дараа сэтгүүлчдэд "Үнэнийг хэлэхэд энэ хэрэгт ялагч гэж байхгүй. Бид ялаад Салтанат гэртээ ирээд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлээд хүсч байсан хүүхдээ төрүүлж чадахгүй. Тийм болохоор энэ хэрэгт ялагч гэж байхгүй" хэмээн хэлсэн байна.
Шүүх хурлын дараа Салтанат Нукеновагийн ах Айтбек Амангельды өөрийн цахим хуудастаа "Ингээд дууслаа. Салтанат Куандыкыг нас барсныхаа дараа ч ялж чадлаа. Дэмжсэн хүн бүрд маш их баярлалаа. Шүүх хурлыг ажиглаж, дэмжиж, сэтгэгдлүүдээ хэлж байсан бүх хүнд баярлалаа. Бүх өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлье. Мөн өмгөөлөгч Жанна зөвхөн манай өмгөөлөгч байгаагүй. Тэр миний болон манай гэр бүлийн хувьд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд итгэл найдварын гэрэл шиг хүн байсан. Өдөр бүр бидэнтэй хамт байж яг л гэр бүлийн гишүүн шиг бидэнтэй хамт тэмцэж ирсэн. Жанна чамгүйгээр би үүнийг давж гарч чадахгүй байсан. Чи надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Надад үнэхээр аймшигтай санагдаж байсан ч чи надад итгэл өгсөн. Чи надад хүч өгсөн. Биднийг ялж чадна гэсэн итгэлийг өгсөн. Хамгийн гол нь чи надад итгэсэн. Тэр итгэл чинь өнөөдөр ялалт байгуулахад туслалаа. Бүхий л амьдралынхаа турш чиний манай гэр бүл болон Салтанатын төлөө чиний хийсэн зүйлсийг санаж явах болно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Та нарт хэцүү байсан байх. Би ойлгож байна. Та нар ард түмний төлөөлөл байсан юм шүү. Би та бүхний шийдвэрт талархаж байна. Та нарын шийдвэр бол ард түмний шийдвэр гэсэн үг. Ард түмэн Куандык Бишимбаевийн эсрэг ялалт байгууллаа. Салтанат энэ бүх цаг үед бидэнтэй хамт байж бид нарыг дэмжиж байсан. Та бүхэн бүгд харсан шүү дээ.Куандык мэдүүлгээ өгч байхад түүний микрафон унасан. Салтанат тэнд байсан байх. Салта чи минь одоо санаа зовохгүйгээр амарч болно гэж найдаж байна. Надад болон аав ээждээ битгий санаа зовоорой. Бид энэ зовлонг яаж ийж байгаад давж гарах болно. Чамайг зовоохгүйн тулд бид гашуудахгүй байхыг хичээнэ. Бид чамд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай шүү. Чи миний бяцхан алтан эрдэнэ шүү дээ. Ах нь үргэлж чиний хажууд байх болно. Харин чи миний зүрхэнд байх болно. Ирээдүйд уулзахаа тэсэн ядан хүлээж байна. Бид нарын замын төгсгөлд чи минь биднийг хүлээгээд бид ахиад аз жаргалтайгаар тэврэлдэнэ гэдэгт итгэж байна. Бүх юм цагтаа болно. Өнөөдрийг давахад маш хэцүү байлаа. Гэхдээ хамгийн хэцүү зүйлээ ардаа хийчихлээ. Шүүхийн шийдвэр бидний хүсч байснаар гарсан ч гэсэн одоо бид юу ч хийж чадахгүй. Шүүхийн шийдвэрийг шударга эсвэл үгүй байсан гэж хүн бүр хүссэнээрээ бодож болно. Ямар ч байсан энэ зүйл болчихлоо. Болсон зүйлийг өөрчлөх аргагүй юм даа" хэмээн бичжээ.
Бишимбаев, Байжанов хоёр шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй боловч Казахстаны хуулиар давж заалдахыг хохирогчийн тал зөвшөөрснөөр шүүх хурлаар хэлэлцэж болдог аж. Тиймээс Бишимбаев, Байжанов хоёр давж заалдах боломжгүй гэсэн үг юм.
Түүнчлэн шүүхээс Бишимбаев, Байжанов хоёрын саатуулагдсан хугацааг ялын хугацаанд оруулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ хуулийн дагуу тухайн хоригдсон өдрийг өөр өөрөөр тооцдог аж. ТУхайлбал, Куандык Бишимбаевын хувьд 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл хоригдсон өдөр бүрийг нэг өдрөөр тооцож нийт 173 өдрийг 24 жилээс хасах бол Байжановыг саатуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх нийт өдрийг 1.5 хоногоор тооцсон байна.
Бэлтгэсэн: Ц.КАстро
эх сурвалж: reuters, moscowtimes
Сэтгэгдэл үлдээх