Цэс Close

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ

ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. 

Үүнд:

1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах