Цэс Close

Эмнэлгүүдийн орны ачаалал 41 хувь хэтэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа. Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ.

 Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ноогдож байгаа бөгөөд эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул 1 хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт, хатгалтын тоо олон байгаа нь орны эргэлтийг удаашруулах шалтгаан болж улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нарын ачааллыг нэмж байна. Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохимолоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан нөхцлүүд тогтоогдсон байна.

Тиймээс Нэгдсэн штабаас Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомолоор нэмэгдүүлэхгүй байх, салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах, шинэ менемент хийх тал дээр анхаарч ажиллаж байгааг онцоллоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах