Цэс Close

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайчин Р.Нацагдаш гавьяат уурхайчин боллоо

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш Монгол Улсын Гавьяат Уурхайчин цол тэмдгээр энгэрээ мялааж уурхайчдын яруу алдрыг бадраалаа.

Ренчингийн Нацагдаш нь Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжилтэй, 1995 оноос уул уурхайн салбарт мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаад 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахад анхны уурхайн даргаар томилогдож ажилласан Уурхайн үндэс суурийг тавьсан Гавьяат уурхайчин юм. 2013-2014 онд Цанхийн баруун уурхайг шинээр байгуулахад Ерөнхий инженер, 2014-2016 онд Олборлолтын хэлтсийн дарга, 2016 оноос одоог хүртэл Уулын ашиглалтын инженерээр ажиллаж буй хөдөлмөрч, бүтээлч, манлайлагч уурхайчин юм.

Тэрээр уул уурхайн салбарт 34 жил хөдөлмөрлөхдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагааг эдийн засгийн эргэлтэд оруулж Монголын хамгийн том төрийн өмчит коксжих нүүрсний уурхай болон хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж хамт олноо манлайлж, удирдан зохион байгуулж ажиллаж ирсэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Гавьяат Уурхайчин цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах