Цэс Close

Эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Манай улс нийгмийн эрүүл мэндийн бодлогоо хэрхэн, яаж үр дүнтэй хэрэгжүүлэх вэ? Үүнд сэтгүүл зүйн, тэр дундаа эрүүл мэндийн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо ямар байх вэ? зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийнхэн өнөөдөр санал солилцлоо. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас үндэсний хэмжээнд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзсан юм. Учир нь нийгмийн эрүүл мэндийн салбарын бодлогын суурь шинэчлэлүүдийг хийхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал гэж тэд үзэж байна.
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон ч тус санаачилгыг дэмжин, оролцов. Холбооны тэргүүн, докторант Д.Ариунцэцэг “Олон улс дахь эрүүл мэндийн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, сэтгүүлчид мэргэшихийн давуу тал болон нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх үнэ цэн, ач холбогдлын талаар ерөнхий мэдээлэл өгсөн юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ НЬ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨРӨЛ ДОТРООСОО НИЙГЭМД ОРУУЛАХ ХУВЬ НЭМРЭЭРЭЭ ӨНДӨРТ ТООЦОГДДОГ
Тэрээр илтгэлдээ “Олон улсад нийгмийн эрүүл мэндийг хангах чиглэлд сэтгүүл зүй, тэр дундаа эрүүл мэндийн сэтгүүл зүйн үүрэг, оролцоо өндөр байдаг ба энэ чиглэлээрх төрөлжсөн, сэтгүүлчдийн томоохон холбоод, нийгэмлэгүүд нь тухайн улсынхаа төр, засгийн бодлогод нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Энэ төрлийн сэтгүүл зүйг олон улсад medical journalism, health journalism, science journalism гэх зэргээр өөр өөр нэршлээр томъёолдог бөгөөд сэтгүүл зүйн төрөл зүйл дотроосоо нийгэмд оруулах хувь нэмрээрээ өндөрт тооцогдож, тэр хэрээрээ ч нийгмийн үнэлэмж нь өндөр байдаг.
Олон улсад дан ганц эрүүл мэндийн сэтгүүл зүй гэлтгүй улс төрийн сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, эдийн засгийн сэтгүүл зүй, хүмүүнлэгийн сэтгүүл зүй гэх зэргээр сэтгүүл зүйн олон салбар төрөлжин нарийсаж хөгжиж байна. Тиймээс бид төрөлжсөн сэтгүүл зүйн хичээлийг сэтгүүл зүйн хөтөлбөрт оруулах нь зүйтэй” гэв.
Санал солилцох тус уулзалтад МУИС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, Хүмүүнлэгийн ухааны их их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш нар, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөрийн алба, Хэвлэл мэдээллийн зөвлөл, редакциудын төлөөлөл болон эрүүл мэндийн сэтгүүлчид оролцож, эхний ээлжид дараах байр суурьт хүрэв.
ХАМТАРСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ КРИДЕТ ЦАГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ
Хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчин, осол, гэмтэл, түүнээс шалтггаалсан нас баралт жил ирэх тусам нэмэгдсээр буй тул иргэдэд баталгаатай эх сурвалжаас эрүүл мэндийн боловсрол олгох нэн чухал байгааг уулзалтад оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Ингэхийн тулд сэтгүүлчдийг мэргэшүүлэх, гэхдээ эл асуудлыг хэрхэн системтэйгээр шийдэх вэ гэдэгт их, дээд сургуулиудын Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, багш нар санал бодлоо илэрхийлэв.
Тэдний олонх нь сургалтын хөтөлбөрт нь “эрүүл мэндийн сэтгүүл зүй” гэсэн тусдаа индекс, кредит цаг байхгүй тул энэ чиглэлээр одоохондоо мэргэжилтэн бэлдэх боломжгүйгээ учирласан. Гэхдээ гарц гаргалгаа буй бөгөөд төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн дотоодын хамтарсан сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн сэтгүүл зүйн кредит цаг нэмэх боломжтойг хэлцгээлээ. Мөн магистр, докторын сургалтын хөтөлбөртөө энэ чиглэлийн кридет цаг нэмж, сэтгүүлчдийг нарийн мэргэшүүлэхэд бэлэн гэдгээ тэд нэмж тодотгоно лээ. Эл асуудлаар бодлогын хэмжээнд шийдэх асуудал цөөнгүй байгааг ч оролцогчид хөндөж байлаа.
Сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлддэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн сэтгүүл зүйн хичээл нэмэх асуудлаар санал солилцсон энэхүү уулзалт ийнхүү үр дүн, ач холбогдол өндөртэй болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаашид ийм уулзалт, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж, ажил хэрэг болгоход анхаарна гэв.
эх сурвалж: МЭМСЦҮХ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах