Цэс Close

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!

Гол, мөрөн, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор ард иргэдэд санамж сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Сайн байна уу? Иргэд амарч зугаалах үедээ гол усанд осолдож, бэртэж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

Нийслэлийн онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа: Улсын хэмжээнд 2020 онд гол усанд осолдож 116 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний 25 нь хүүхэд, үлдсэн 91 нь насанд хүрсэн хүн байна. Харин 2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Гол мөрөн зөвхөн үерлэсэн үед аюултай гэж бодож болохгүй үргэлж анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал.

Урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг одоогийн байдлаар зохион байгуулж байна вэ? Эдгээр ажлуудыг зохион байгуулснаар ямар үр дүн гарч байгаа вэ?

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн: Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын хамтарсан завьт эргүүл, мотоцикл эргүүл, хөдөлгөөнт болон явган эргүүлийг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн амралтын өдрүүдэд голын эргийн ойролцоо хараа хяналтгүй байсан 29 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, 167 хүүхдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор голоос зайдуу тоглохыг зөвлөн сэрэмжлүүлэг өгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг зохион байгуулсан байна. Тухайн хүүхдүүдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлж мэдлэг мэдээллээр хангаж байгаа юм.

Иргэд яг ямар шалтгаанаас болж амь насаа алдаж байна? Юун дээр анхаарах шаардлагатай вэ?

Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан агаар салхинд найзуудаараа, гэр бүлээрээ гарч, амарч зугаалж байна. Энэ тал дээр бол хориглоогүй ч гэсэн амарч байх үедээ өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа явдал юм. Хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл амь насаа алдаж байна. Тэгэхээр өөрсдөө дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй. Усанд нэг хөл алдахад л живж амь насаа эрсдэлд оруулах аюултай. Минут, секунд бүрт анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хүүхдүүддээ тавих хараа хяналт анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг. Яг яаж нэмэгдүүлэх ёстой вэ? Бас иргэд өөрсдийгөө учирч болзошгүй аюулаас хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх ёстой вэ?

Ард иргэд цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах нь зүйтэй. Үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Ялангуяа хүүхдүүддээ сайн зөвлөж яагаад ус руу ойртож болохгүй вэ?, яагаад ганцаараа сэлж болохгүй вэ? Гол үерлэсэн үед ямар аюултай талаар зөвлөх хэрэгтэй юм.

Усанд осолдож, живсэн хүнд хэрхэн, яаж анхны тусламж үзүүлэх вэ? Хамгийн түрүүнд юу хийх ёстой байдаг юм бэ?

Нийслэлийн аврах ангийн аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд: Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэдэг. Нэн тэргүүндтүргэн тусламжийн багийг дуудах шаардлагатай. Усанд осолдсон хүнээ уснаас гаргаж, хэвтүүлэн ам хоолойнд нь ямар нэгэн зүйл тээглэсэн эсэх, амьсгалж байгаа үгүйг нь шалгана.

Хэрэв шалгаж байх үед тухайн хүн амьсгалахгүй бол яах вэ?

Зүрхний ажиллагаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд осолдогч ухаангүй байвал ходоодонд залгигдсан усыг гаргаж, амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээлэл өгнө үү? Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын инженер С.Саранцацралт: Энэ оны тавдугаар сар ихэнх нутгаар хур бороо элбэг байсан үүнтэй уялдан Монгол орны хэмжээнд гол мөрний усны түвшин нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан. Зарим голууд хэд хэдэн удаа үерлэсэн байгаа юм. Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл, Сүхбаатар,Туул, Тэрэлж, Мөнгөн морьт, Халх голууд усны түвшин хоногт 50-140 см нэмэгдэж хүчтэй үерлэж байна. Ялангуяа зуны энэ саруудад хур бороо элбэг байдаг үүнээс болж голын усны эрчим нэмэгдэх учраас цаашид үерийн аюултай түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ.

Цаг агаарын мэдээллийг хэдэн газраас зэрэг хүлээн авч, мэдээллийг хэрхэн түгээж байна вэ?

Гадаргын усны судалгааны хэлтсээс өдөр бүр ус судлалын 132 орчим цэгээс хүлээн авч, усны түвшний мэдээг ард иргэддээ цахим болон мэдээллийн эх сурвалжуудаар хүргэдэг. Гэсэн хэдий ч гол усны үер аюулаас болж амь насаа алдсан иргэд цөөнгүй бүртгэгдэж байгаа учир цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах