Цэс Close

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн  25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

 Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна. 

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд:

1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);  

2.төрийн албан хаагчийн анкет;

 3.иргэний үнэмлэхний хуулбар;

4.боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

6.хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд

а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

б/ улс төрийн мэргэшсэн байдал;

в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

е/ дээрх шаардлагыг нотлоно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021.03.09

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544,  51-261747 дугаарын утаснаас авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах