Цэс Close

Үндэсний хэмжээнд гамшгийн үеийн үйл ажиллагааны уяалдааг сайжруулах, гамшгийн эсрэг өөрсдийн нөөц бололцоог нэгтгэн судалгаа, үнэлгээ хийх тусгай багийг байгуулах талаар хэлэлцжээ

Улсын онцгой комисс, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран Үндэсний хэмжээнд гамшгийн үеийн үйл ажиллагааны уяалдааг сайжруулах, гамшгийн эсрэг өөрсдийн нөөц бололцоог нэгтгэн судалгаа, үнэлгээ хийх, хөрөнгө оруулалт, сургалт, бэлтгэлийг хангах чиглэлээр тусгай багийг байгуулах талаар хэлэлцлээ.
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.
Гамшгийн эрсдэл нь харилцан уялдаатай эрсдэл (ган - зуд), цуварсан эрсдэл (газар хөдлөлт-гал түймэр-дэлбэрэлт, газар хөдлөлт-хөрсний гулсалт-нэн чухал дэд бүтцийн эвдрэл, сүйрэл-осол), хавсарсан эрсдэл (хүчтэй салхи шуурга-дэд бүтцийн эвдрэл, насжилтаас үүдсэн) байдлаар илэрдэг. Иймээс сүүлийн үеийн дэлхий нийтийн чиг хандлага гамшгийн эрсдэлийг бууруулах ба даван туулах чадварыг бэхжүүлэх RESILIENCE чиглэлд шилжиж байна. Үүний тулд нэгд, гамшигт тэсвэртэй байх, хоёрт, гамшигт дасан зохицох, гуравт, гамшгийн нөхцөл байдалд тохируулах өөрчлөн байгуулахад чиглэж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад зудын үеийн нөхцөл байдалд хийсэн судалгаагаар айл өрх нь малаас гадна тухайн айл өрх амжиргаагаа алдах, мөн хүүхдийн боловсрол болон биеийн хөгжил, шим тэжээлийн хангамжид сөргөөр нөлөөлж буйг тогтоосон байна.
Дэлхийн улс орнууд, ялангуяа байгалийн гамшигт өндөр давтамжтай өртдөг улс орнууд гамшигт өртөхөөс урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн хүн амын дутагдаж буй хэрэгцээг хангах, амьжиргааны түвшинг хамгаалах, нөхөн сэргээхэд нийгмийн хамгааллын салбарыг түлхүү ашиглах болсон.
Харин Монгол Улсад дээрх сайн жишээг цогцоор хэрэгжүүлэхэд Нийгмийн хамгааллын салбарын болон гамшгаас хамгаалах тухай хуулийн алинд нь ч нийгмийн хамгааллын салбарын үүрэг, оролцоог тодорхой дурдаагүй, санхүүжилтийн механизм тодорхой бус байдгаас хүндрэлүүд үүсээд байгаа юм.
Иймд УОК НҮБ-ийн Хүүхдийн сан болон холбогдох байгууллагууд хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлд нийгмийн хамгааллын салбарыг татан оролцуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, уг салбарт ажиллаж байгаа байгууллагуудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, олон улсын туршлагыг судалж, нэвтрүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажилллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах