Өрөнд орсон өнөөгийн Монгол
Бид ер нь өөрсдийгөө өртэй улсын өртэй иргэд гэдгээ мэдэж анзаардаг билүү. Иргэн бүртээ хуваахаар энэ их өр хэнийг минь ч тойрохгүй. Дээр нь хувийн хэдэн аж ахуй нэгжийг өр, татварын дарамтаар өндийлгөхөөргүй болгож байна. Дүүрэн баялагтай гэж сайрхдаг цөөхөн монголчуудаа болж болох бүх дарамтаар дарчихаад яаж сайн сайхан амьдарна гэж бодоо вэ. Монгол Улсын гадаад өр жил ирэх бүр нэмэгдсээр байна. Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2023 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 31.1 их наяд төгрөгт хүрч 14 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү гадаад өр нэмэгдэх нь Монголыг дефолт зарлах эрсдэлд оруулж байгаа хэрэг. Зээлийн хүүнд л гэхэд 2022 оны байдлаар 2 их наяд 226 тэрбум төгрөг төлсөн бол энэ жилийн 2 улирлын байдлаар 1 их наяд 572 тэрбум төгрөгийг төлж байна.
Монгол Улсын гадаад өрийг Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллага, бусад салбарууд, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээл гэж таван хэсэгт хуваан авч үздэг. Эдгээрээс сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй нэмэгдэж байгаа өр төлбөрийн нэг нь Засгийн газрын өр. Тухайлбал, Засгийн газрын урт хугацаат зээлийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өссөн. Засгийн газрын нийт өр Монгол Улсын нийт өрийн 25 хувийг эзэлж байна. Монгол Улс түүхэндээ хамгийн их зардалтай төсвийг өнгөрсөн онд баталсан бөгөөд 2023 оны төсвийн нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь байхаар тооцоолсон. Харин төсвийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцоолжээ.
Угтаа гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ буюу манайхан “өрийн тааз” гэж нэрлэсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд манай улс Төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг эрх баригчид тавилаа.
Аливаа улсын өрийн хэмжээ нь тухайн улсын эдийн засгийг дүгнэх чухал хэмжүүрийн нэг байдаг. Гадаад өр нэмэгдэх үндсэн шалтгаан нь “төсвийн алдагдал”. Төсвийн данхар зарлага өсөж, үүссэн алдагдлыг нөхөхын тулд Төр гадна, дотны санхүүгийн зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж өндөр хүүтэй цохиж авдаг. Угтаа тэрхүү сул эх үүсвэр бүтээн байгуулалтад зориулагдаж, хүмүүсийг ажлын байраар хангаж байх учиртай. Ийнхүү ирээдүйд бий болох байсан "үндэсний үйлдвэрлэл" санхүүгийн эх үүсвэргүй шалтгаанаар зогсоход хөдөлмөр эрхлэлт буурч, дагаад иргэдийн амьжиргааны түвшин дордох нь гарцаагүй юм.
Төрөөс төсвийн алдагдал нөхөхийн тулд татвараа нэмэх, гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хүүтэй зээл авах, шинээр мөнгө хэвлэх гэсэн цөөн арга замтай. Манайд одоо татвар нэмэх боломж маш бага. Татварыг хангалттай хэдийнээ нэмчихсэн. Гадна дотноос ч хямд эх үүсвэр олоход хүндрэлтэй.
Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар "Сенчури-2" бонд буюу 650 сая ам.долларын 8.65 хүүтэй бонд олон улсын зах зээл дээрээс босгосон. Оны өмнө тэрбум ам.долларын “Сенчури-1” бонд босгож байж 2023, 2024 онд учирч болох байсан гадаад өрийн дефолтоос бүрэн ангижирсан. Энэ талаар Сангийн сайд ч мэдэгдэл хийж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаад өрийн “Чөтгөрийн тойрог”-т баттай орчихоод байна. Өмнөх өрөө дахин зээл авах хэлбэрээр нөхөхөөс өөр гарцгүй болсон тохиолдолд энэхүү үзэгдлийг “чөтгөрийн тойрог” гэж нэрлэдэг. Монгол Улсын нөхцөл байдал цаашид улам хүндрэх нь тодорхой болчихлоо.
Одоохондоо эрх баригчдад мөнгө хэвлэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэ бол хамгийн муу хувилбар. Мөнгө хэвлэж буйг мэдэх маш амархан. Зах зээлд эргэлдэж буй м2 мөнгөний хэмжээгээр мэдэж болно. Монголбанкны статистикаас харвал м2 мөнгө 2016 оны 6 сард 11 их наяд 186 тэрбум төгрөг байсан бол 2023 оны 8 сард 32 их наяд 639 тэрбум төгрөгт хүрчээ.
Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.
Гадаад өрийн хэмжээ асар их байхад ердөө Чингис бондыг тойруулан ярьсаар байна. Иргэд, сонгогчдод Чингис бондыг төлж барагдуулсан талаар сүүлийн долоон жил тодорхой интервалтайгаар мэдээлэл цацаж байна.
Яг бодит байдал дээр Чингис бонд эдийн засагт эерэг буусан. 2012-2016 онуудад Ардчилсан нам бусад намтай хамтарч байгуулсан Засгийн газар хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн систем болон эдийн засгаа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүйн тулд гаднаас санхүүжилт босгож эдийн засгийг тэлэх бодлого сонгож байсан удаатай. Чингис бонд босгож дөрвөн жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжиж, 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадсан. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, уг салбар анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн байдаг. Бондын хөрөнгөөр барьсан, бүтээсэн бүхэн Монголд үлдсэн. Ардчилсан нам эдийн засгаа солонгоруулах, үйлдвэрлэх ажлыг эхлүүлж чадсан байдаг. “Чингис” бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн шинээр ажилтай болсныг дурдаж болно.
Английн Манчестерын Их сургуулийн эдийн засгийн багш асан, NRCC-ийн эдийн засагч, доктор Б.Эрдэнэбат: “Манай улс төсвөө маш өөдрөгөөр төсөөлдөг. Гэхдээ төсөөлөлдөө хүрч байсан нь маш цөөхөн. Олсон орлого төлөвлөснөөс үргэлж дутдаг. Үүнийгээ өр төлбөрөөр нөхөж ирсэн. Тэр нь гадаад өр болон хуримтлагддаг. Өнгөрсөн онд нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ 3107 ам.доллар байсан. Монгол Улсын хүүхэд хөгшид бүр ийм хэмжээний өртэй гэсэн үг юм. Манайх ам бүл тавуул байлаа гэхэд 16 мянган ам.долларын өрхийн өртэй болно. Үүнийг үе үеийн Засгийн газар өр авч манай өрхөд ногдуулжээ гэхэд хилсдэхгүй. Энэ бол бусад улстай харьцуулахад маш өндөр дүн юм” гэж байв.
Монгол Улсын Засгийн газрын авсан бондын түүхийг сөхвөл, бондоор улс төрждөг улс төрийн хүчний гаргасан шийдвэрүүд харин ч бондтой холбогдох нь илүүтэй байгаа юм. Зах зээлийн нийгмийг сонгосон Ардчилсан хүчин хуучинсаг үзэл баримтлалтай, үзэл сурталжсан 100 жилийн түүхтэй намыг дуурайж гадаад бондын асуудлаар улстөржөөд байдаггүй. Гэвч энэхүү байр суурийг эрх баригчид ашиглаж өрсөлдөгч хүчнээ элдэвлэн харлуулахыг хичээж ирсэн гэдгийг хэдийнээ гадарладаг болсон. Ямарваа нэгэн улс төрийн сонгууль эхлэхтэй зэрэгцэн бондыг тойрсон улстөржүүлсэн гүтгэлэгт мэдээллүүд хэрээсээ хэтэрдэг.
Анхны бондын түүх МАН-аас эхлэлтэй. “Бондоор” байнга улстөрждөг МАН өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өсч ирсэн. Эдийн засаг өсөлттэй үед ямар нэгэн тодорхой төлөвлөлтгүй бонд босгосоноор хожмоо эргэн төлөгдөх хугацаа нь сунжирч манай эдийн засагт дарамт болж эхэлсэн.
Засгийн газар 2012 оноос хойш нийт 5.2 тэрбум ам.долларын дүн бүхий долоон бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч бондын өрийг бондоор дарах гэж байна.
Манай улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн 9-д нь алдагдалтай гарсан. Эдгээр жилийн алдагдал нь 17 их наяд буюу нэг жилийн төсвийн орлоготой тэнцэж байгаа юм. Мөн гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж 32.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг иргэн бүрт хуваавал иргэн 32.9 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст 3.4 тэрбум төгрөг болсон нь 2021 оныхоос 22.4 хувь буураад байгаа юм. Үүнээс харахад бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна, МАН. Өрөнд идэгдсэн Монголыг эрх баригч МАН бий болгож байна.
Б.АНИР
Сэтгэгдэл үлдээх