Цэс Close

 АН санаачилж, МАН замхруулсаар хаврын чуулган өндөрлөлөө

Эрх баригчид зуны зугаа, наадам руу  мөн ч их яарч байна даа.  Хууль батална гэж гэрлийн хурдаар л кнопдож байх юм.  Ингэж  баталсан хуулиуд дундаа юу л хольж бантагнуулсан бол доо. Эрхбиш Ардчилсан намынхан сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, хянуур байсан гэж найдахаас.   “Чуулганы хаалтын хуралдаанаар хуулиудыг  “машиндаж” баталлаа” гэж Х.Тэмүүжин гишүүн хэлнэ лээ. Яарвал даардгийг л  сануулах шиг.  Харин АН-ын дарга О.Цогтгэрэл  “Сөрөг хүчин гээд бүхнийг сөрж байдаг юм биш. Аль болох эдийн засгийн эрх чөлөөний төлөө бүтээлч хандсан” гэж УИХ дахь бүлгийнхээ ажлыг дүгнэлээ.  АН-ынхны бүтээлч хуулийн төслүүдийг анхны хувилбараас нь төөрүүлэх, өөрчлөх тал дээр МАН шаргуу ажиллаж, өөрсдөө бол  нийтэд хэрэгтэй гялтайх хууль санаачилж батлах нь хомс хаврын чуулган өндөрлөж байна.  МАН-ынхан   О.Номинчимэгийн Тамхины хяналтын тухай хууль дээр л талцаж хэрэлдэв. Зүтгүүлээд, зүтгүүлээд явахгүй болохоор “Мөнгөөр  наймаалцаж байна, ордноор дүүрэн тамхины компанийхан хөлхөж байна”  гэж баахан гомдоллов. Аль,  аль тал нь лоббид автсан юм байх.  За тэгээд парламент нь томилгоо, асуулга, хэрүүл талцлаар дагнаад эрх баригчид өөрсдийн хөлд дэгээ тавьж, таварцагласаар сонгуульт  хугацааныхаа  хагасыг өнгөрөөлөө.   Том хулгайгаа ч албан тушаалаар наймаалцаад өнгөрлөө. Үлдсэн хугацаанд хэдэн Засгийн газар солигдож, хэдэн  Ерөнхий сайд, хэдэн УИХ-ын даргын нүүр үзэхийг таашгүй.   Хэлээд байсан “Хаврын чуулган халуухан болно” гэсэн яалаа даа. Халуухан байтугай зэврүүхэн л хаврыг үдлээ. Хууль хэлэлцэж батлах ёстой газар, хэрүүл дажин л өрнөх шив дээ.

Улсаа бодохоос улстөржих нь их байсан эрх баригчид өөрсдөө олигтойхон шиг байгаагүй хэрнээ Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан, амьдралтай, иргэдэд хэрэгтэй,  чөлөөт зах зээлийг хөгжүүлэх тун чухал хуулиудыг гацаахыг нь гацааж, заримтай нь нэр адил шахуу хууль өөрсдөө оруулж ирээд агуулгыг нь өөрчлөөд холион бантан.  Энэ эрх баригчид ажил хийхгүй хэрнээ, хорлон сүйтгэх кампанит ажилдаа бол гаргуун юм.

Микрофон атгаж, гишүүдийн хойноос элдсэн сэтгүүлчид ордноор дүүрэн ч хэлэлцэж байгаа хуулийн нарийн ширийн заалтыг   асуух нь ховор болжээ. Дуран хараад ухаантан царайлж бусдыг элдвээр хэлэх улстөрчдийн  хэрүүл, доромжлолыг бол хэвлэлийнхэн маань  олонд түгээх нь элбэг.  Хэрүүл хараал, хов жив мэдээлэхээс  хэтрэхгүй байх зуурт  парламентын танхимд  эрх баригчид холиог нь хутгаж байлаа.

Алдаатай, юутай хээтэй нь хуулчихдаг муу сурлагатан шиг МАН-ынхан  Ардчилсан намын бүлгийн гишүүдээс хууль хуулаад хуулахдаа буруу ойлгоод хуулчихсан гэлтэй.  Боловсон хүчний илүүдэлтэй гэж таахалзаад байдаг МАН-д хуулийн төсөл  дээр  ажиллаад өгөх хүн олдохоо байчихсан уу эсвэл улстөржөөд завддаггүй юм уу.   АН-ын бүлгийн гишүүдийн  санаачилсан хуулийг  бусад хуультай нэгтгэн хэлэлцэж байгаа нь гээд завхруулж орхих юм.

МАН эрх барьснаас хойш хувийн хэвшлийнхэн  өөдөө нар  харсангүй. Угаас халамжийн бодлоготой нам юм хойно  арай дөнгүүр зүтгэснийх нь зүтгэлийг татвар нэрээр дээрэмдээд тэжээврүүдээ тэтгэдэг дээ. Олон ч жил татвар төлөгчид нуруун дээрээ МАН-ын тэжээврүүд болон авлигачдын амьдралыг авч явлаа.

Үйл ажиллагаа нь жигдрээд овоо  байсан компаниуд үүдээ хааснаа мэдэгдэж, татварын дарамтаас өндийхгүй байгаагаа зарласаар л.  0Татвар багасгах хууль УИХ-д өргөн барилаа. Өнөө муу АН-ын гишүүдээс л санаачилсан  юм. Иргэд, аж ахуй эрхлэгчид битүүхэн горьдоостой.  Дээсэн дээр дэнжигнэж байгаа зарим нь хонгилын үзүүрт гэрэл харахын дайны баярлаад сүйд.   Эрх баригчид дуу нэгтэй эсэргүүцээд сүртэй. Сорж мөлжих эх үүсвэр нь багасчихна гэж айсан юм уу даа. Их л сандарцгаах юм.

Иргэн Шинэгэрэлээс эхлэлтэй  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өргөн барьсан хуулийн төсөл татварын олон асуудлын нэг хэсгийг ч болов шийдэв.  МАН-ынхны балгаар үр дүндээ бүрэн хүрч чадаагүй. Ж.Баярмаа гишүүний  хуулийн өмнөөс  ЗГ татварын хууль өргөн барьж тээглүүлж байгаад илүү хөдөлмөрлөснийг нь торгодог хууль болгож хувиргасан.

Б.Жаргалан, О.Цогтгэрэл нар Эдийн засгийн эрх чөлөөний хууль өргөн барьтал Н.Учрал зөрүүлээд Бизнесийн эрх чөлөө нэртэй хууль өргөн барьсан. Эрх барьж байгаа нам пиараар бөмбөгдөөд “гөлөг төөрүүлнэ” гэгч болов. Чухлаас чухал Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн сүрийг Бизнесийн эрх чөлөө нэртэй хуулийн төслөөр булзааруулах нь тэр.

С.Цэнгүүн гишүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 онд батлагдаж байсан хуулийг өнөөдрийг хүртэл ашиглаж ирснийг хүчингүй болгохоор санаачилсан. 1992 онд Үндсэн хууль батлагдаад дээрх хуулийг ашиглах боломжгүй болчихсон байхад дээрх хууль хэрэгжсээр ирснийг болилж чадсан. 2019 онд төрийн өмчит компаниудад БЭТ томилоод явж байх жишээтэй. Засаг өөртөө үүгээр онцгой эрх эдлээд дураараа дургиж байжээ.

Б.Түвшин нарын санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна.   Цалингийн бус орлогоос НДШ авдгийг болиулъя гэсэн. Засгаас мөн л уг хуулийг өөрчлөх санал өргөн бариад тэтгэврийг тэтгэмж болгох сонгуульд ялдаг системээ бий болгох гэж зүтгэж байна. Мөн л яаран баталсан ч анхны саналаас нь төөрүүлж, зорилго бүрэн биелээгүй.  АН-ын өргөн барьсан хуулиуд  зах зээлийн эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ төлөө санаачилсан нь харагдана.  Татварыг бууруулъя, иргэнд очдог ачааллыг хөнгөлье, элдэв зөвшөөрлийг багасгая гэсэн зорилготой хуулиуд дурайж байна.  Хамгийн гол нь өмчийн эрхийг хамгаалъя. Хүний өмчид төрийн нэр барьж халддаг, бизнесийг дампууруулдгийг больё гэж үзэж тарлаа.  Иргэд, аж ахуй эрхлэгчдийн хүсээд байдаг бүхнийг хуулиар дамжуулан хийх гэж зүтгэлээ.

АН эрх барих үед бизнесийн таатай орчин бий болж байсан бол МАН эрх барьсан он жилүүдэд хөдөлмөрлөж байгаа нь илүү хохирч ирлээ. Хөгжлийн гацаа чинь энэ шүү лээ. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед л эдийн засгийн өсөлт бий болж, хөрөнгө оруулагчид нааш цувж байснаас бусад Засгийн газрын үед улстөржилт, хэрүүл, хэмлэлдээнээс илүү гарахгүй явж ирлээ.

Ардчилсан нам ер нь их жимбэгэр байгаа. Хаа сайгүй хэрэлдэж, талцаад, өөрсдийгөө хавирч унагах гээд байдаг нь намжмал, дотоод сонгууль нь жимбэгэр болов. Дотоодын самуун цэгцрэхээр бүтээлч ажиллах сөхөөтэй ч байсан биз.   Энэ мэдээж  МАН-д  таалагдахгүй.  Ямар сайндаа АН-ын санаачилсан хуулийг зүсийг нь өөрчлөөд, нэрийг  солиод л оруулж ирээд байхав дээ.  Зөөллөж бодоход зөв хууль батлагдчихвал АН-ын нэрээр гаргуулахгүй санаатай юм уу даа.  Муугаар бодоход хуульд нь хувийнхаа юмыг шургуулаад юу ч биш болгочих хүсэлтэй.   Эцэст нь эдийн засгийн эрх чөлөө алсрахаас АН хамгаалж, МАН садаа хийсээр л энэ хаврын чуулган өндөрлөж байна. За тэгээд чуулганы хаалтын өдрүүдэд хуулиудыг “гурилдаж” батлаад  уяачид, унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг өөртөө нааж,  хөлсөө дуслуулан, хусуур барьж, аахичин гүйх ажилдаа яаран мордлоо доо, МАНай улстөрчид. Намар болтол найрлах нь баараггүй. Налгар найрын дараа тэднийг  юу хүлээж байгаа бол...

Д.Мөнгөндалай

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах