Цэс Close

“Барселона”-“Атлетико”-гийн тоглолтын өмнөх Симеоне, Куманы үгс

Испанийн Ла лигийн энэ улирлын аваргын өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлж болохуйц “Барселона”-“Атлетико Мадрид”-ын тоглолт өнөө орой Улаанбаатарын цагаар 22:15-д “Камп Ноу”-д эхэлнэ.

Хоёр багийн дасгалжуулагчид тоглолтын өмнө юу ярьсныг хүргэе.

Диего Симеоне /“Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч/: Улирлын эхэнд олон оноо алдсан ч дасгалжуулагч нь энэ алдааг засахын тулд асар их хөдөлмөрлөж буй багтай бид тоглох гэж байна.

“Камп Ноу”-д одоо нэг ялалт авч чадах нь уу гэж үү? Хүн бүрийн амьдралд анхны зүйл гэж байдаг. Надад ч тэр явдал тохиолдох л болно.

Льоренте, Суарес хоёрын тухайд бол үзүүлэлтүүдийг нь харахад л өмнөөс нь хэлээд өгчихнө. Манай багийн маш чухал хоёр тоглогч. Суарес бол хөлбөмбөгийн түүхэнд үлдэх довтлогч. Харин Маркосын хувьд бол хамгийн сайн тоглож буй улирал нь.

Тоглолтын хувь заяаг юу шийдэх вэ? гэвэл тэд яг юу бэлдснийг нь хэлж мэдэхгүй юм. Бүх зүйл биднээс л шалтгаална. Сэтгэлзүй, дайчин чанараас л шалтгаална.

Рональд Куман /”Барселона”-гийн дасгалжуулагч/: Маш хүчтэй хоёр багийн ширүүн тулаан болно. Гэхдээ хоёр багийн арга барил их өөр. Өөрөөр хэлбэл, хожих арга зам нь өөр. Бид бөмбөг сайн эзэмшиж, үр ашигтай тоглох хэрэгтэй.

Улирлын турш унаж босох юм бишгүй. Бид чанартай тоглолтынхоо дүнд өдий зэрэгт хүрээд байна. Хэдэн сарын өмнө бол аваргын төлөө өрсөлдөнө ч гэж бодолтгүй байлаа. Сэтгэлзүй их чухал. Гэхдээ энэ тоглолт аваргын хувь заяаг шууд шийдчихгүй шүү дээ.

Аварга болохын тулд өрсөлдөгчдөө хожих л хэрэгтэй. Хожиж чадвал аварга болно.

Мессигийн тухайд бол багтаа олон жил тоглож байна. Багийн тоглолтын тактиктаа их анхаарч байгаа. Прессинг яаж тавих, хэн аль байрлалд гарах гээд бүгдийг бодож, харж яваа. Месси бол зөвхөн өөрийгөө бус бусдыгаа боддог тоглогч. Түүнд багийн түвшин сайн байж, хожих л хэрэгцээ байгаа.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах