Цэс Close

Бохир тэмцэл буюу "ХАР ПИАР"

Монголчууд хоёр жил дараалан зуны аагим өдрүүдийг улс төрөөр амьсгалан асч, бачимдаж, халууцан өнгөрүүлж байна. Тэр дундаа хамгийн халуун бүгчим өдрүүд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эпгээр өдрүүдэд өрнөж байна.

Монголчууд ЗУРГААДАХЬ ерөнхийлөгчөө сонгох энэ үед хар пиар эрчимж, нэр бүхий улс төрч рүү дайрч давшлах нь олон байна. Ингээд сонгогчдынхоо боловсролд зориулж улс төрд ашиглагдаж буй ПИАР-ыг танилцуулж байна. 

PR гэдэг  нь Public Relation  буюу хүмүүсийг удирдах болон зорилтот мэдээллийг бүтээх гэсэн үг юм. /олон тодорхойлолт байдаг/ Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийн "анхаарлын төвд" хувь хүн болон аливаа бүтээгдэхүүнийг аваачиж, улмаар сонголтонд нөлөөлөх нөхцлийг зориудаар бүрдүүлэх гэсэн үг юм. "Пиар"-ын тусламжтайгаар олон нийтийн ухамсрыг удирдаж, залуурдаж зорилгодоо хүрдэг. Пиар бизнест ч чухал үүрэг гүйцэтгэдэг. 

PR-ИЙН ҮНДСЭН ТӨРЛҮҮД

•     Цагаан пиар
•     Саарал пиар
•     Шар пиар
•     Ягаан пиар
•     Вируст пиар
•     Өөрийгөө пиардах
•     Хар  пиар
 
Цагаан пиар –энэ бол өрсөлдөгчдөө “оролдохгүйгээр”, хууль ёсны, үнэн зөв замаар явж байгаа сурталчилгаа. Харин манай нөхцөлд цагаан "пиар"-ыг "Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай..."  гэх нь халаг магтдаг хэлбэрээр ихэвчлэн ашигладаг. Жишээ нь: Нэгэнт МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж буй өнөөгийн нөхцөлтэй уялдуулахад хөрөг, захиалгат нэвтрүүлэг, мэдээ мэдээллээр тухайн нэр дэвшигчийн хамаг гавьяаг тодруулан тоочдог явдал. Тухайлбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Чингис хааны морьт хөшөө"-г босгосон, жудо бөхийн спортын амжилтыг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Сүхбаатрын талбайг тохижуулсан, олон жил улс төрийн удирдах албан тушаал хашсан гэхчлэн хөвөрнө.

Саарал пиар – сөрөг сэтгэгдэлтэй болсон бүтээгдэхүүн, субьектийн талаарх үнэн зөв мэдээллийг өгөх. Монголын нөхцөлд саарал "пиар"-ыг улс төрийн сонгуулийн үед тухайн нэр дэвшигчийн талаар нийгэмд үүсэн таагүй мэдээ мэдээллийг саармагжуулах, бодит нөхцөл байдлыг ойлгуулах мэдээ, мэдээлэл түгээхэд ашигладаг. Тухайлбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төмөр замтай холбоотой таагүй мэдээллийг нийгэмд зөв талаас нь таниулахын тулд нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг "Газрын наймаачин" гэдэг сөрөг хандлагаас "аврах"-ын тулд мөн л зорилтот нэвтрүүлэг, мэдээлэл цацаж байв. Харин энэхүү оролдлогууд нь төдийлөн сайн үр дүн үзүүлээгүйг нь гүйцэтгэлтэй нь холбон тайлбарлах нь бий. Хэрвээ саарал "пиар"-ын давс, хужрыг эс тааруулбал нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтэй ижил үр дагаварт хүргэх магадлал өндөр байдаг байна.   

Шар пиар – анхаарал татахын тулд худал, эсвэл доромж утгатай мэдээллийг ашигладаг. Энэ пиарыг улс төр болон шоу бизнест түгээмэл ашигладаг байна. 

Энэ нь монголын нөхцөлд улс төрийн сонгуулийн үеээр түгээмэл бөгөөд байнга ашигладаг хэлбэр юм. Тухайлбал Ан-аас нэр дэвшигч Х.Баттулга олон эхнэр сольсон, орос эхнэртэй, дээд боловсрол эзэмшээгүй, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хятад гаралтай, монгол хүний сэтгэлгээний онцлогт тохирсон шар мэдээллийг байнга цацаж байв.  

Ягаан  пиар – тухайн сурталчилж байгаа компани, хувь хүнийг амжилтанд хүргэхийн тулд хэрхэн хүнд зам туулсан талаарх сэтгэл хөдөлгөм, зохиомол түүхийг хүмүүст хүргэх. Энэ арга улс төрд ч ихээхэн хэрэглэгддэг. Хөрөг нийтлэл, мэдээ, хамгийн төгс хувилбар нь одоогоор монголд "Монгол тулгатны 100 эрхэм" болоод буй. 

Вируст пиар – олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараах арга. Энэ мөн л улс төрд түгээмэл хэрэглэгддэг. Ялангуяа сонгуулийн үед бид энэ төрлийн мэдээллээр амьсгалдаг гэхэд болно. Сонгууль бүрээр л фейсбүүк, твиттерээр үнэн худал нь эс мэдэгдэх мэдээллүүд гарч, тэдгээрийг зохион байгуулалттайгаар тарааж, доор нь сэтгэгдэл бичдэг тусгай хүмүүс ажилладаг байна. Фэйсбүүкээс уншсан мэдээллээсээ стрессдэх, эерэг, сөрөг тээш авах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн өдрийн цаг агаарын байдал, цагийн байдал, нас хүйс, сонирхол гээд нарийн тооцоон дээр үндэслэн санаатай, санамсаргүй хэлбэрээр мэдээлэл түгээнэ. Тухайн мэдээллийг дэмжих, дэвэргэх,  саармагжуулах, түгээх технологийг "хөлсний этгээд"-үүд гүйцэтгэнэ. Мэдээж үүнд хууртсан иргэд санамсаргүй байдлаар дэмжлэг үзүүлнэ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар монголын сошл орчны халуурал дээд цэгтээ хүрсэн гэхэд болно.  

Өөрийгөө пиардах – энэ бол тухайн хүн, байгууллага өөрт тохиромжтой аливаа аргаар өөрийгөө сурталчлахыг хэлнэ. Хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн хүнд хэлбэр. Нэр дэвшигч өөрийгөө магтана гэдэг тун хэмжээг нь тааруулахгүй бол төвөгтэй байдал үүсгэнэ. Ийм учраас далд утгаар, цаад санаагаар өөрийгөө дөвийлгөх нь элбэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амжилтанд хэт даруухан хандах гэхчлэн. Мөн зорилготой асуултанд "тавилттай" хариулах тактикийг монголын нөхцөлд ихэвчлэн хэрэглэдэг. Шулуухан магтах нь ч бий. Монголчууд энэ тал дээр өөрийгөө магтсан хүнд дургүй хандлага багагүй нөлөөлдөг гэхэд болно. 

Хар пиар-  аливаа компани болон хүний нэр төрийг харлуулах зорилгоор ашиглагддаг. Ихэвчлэн өрсөлдөгчдөө “нухчин дарах” зорилгоор ашигладаг энэ пиарыг улс төрд бизнесээс ч илүү ашигладаг. Энэ тхай ярьвал "үүр цайна" гэдэг шиг урт бөгөөд монголын нөхцөлд хэм хэмжээнээсээ хэтэрсэн хэлбэр. 
Хар пиарын үндсэн зорилго:
 
•    Өрсөлдөгчийнхөө нэр төрийг гутаах
•    Бизнес болон ажил хэргийн холбоо харилцааг устгах
•    Өрсөлдөгчдөө шахан гаргах 
•   Улс төрийн салбарт сонгуульд нэр дэвшигчдийг айлгах, нэрээ татаж авах нөхцлийг бүрдүүлэх гэх мэт 

Хар пиарыг захиалах маш хялбар. Энэ төрлийн пиарын жишээг олон нийтийн сүлжээ, медиа болон хэвлэлүүдээр бэлхнээ харж болно. Мөн “хар пиарчин” гэж тусгай мэргэшсэн этгээдүүд байх бөгөөд тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг, худал мэдээлэл түгээдэг. 

Хар пиарын довтолгооны аргууд:

•    Шүгэлдэх
•    Дэгээ тавих
•    “Магтан матах”
•    Олны дургүйцлийг төрүүлэх

Шүгэлдэх арга Юм болгонд “гоншигнож” байдаг хүмүүсийг зориудаар цуглуулан хаа нэг газар зохиомол бухимдал үүсгэнэ. Энэ аргыг мөн нэр дэвшигчийн уулзалт дээр ашиглахын зэрэгцээ эсэргүүцлийн жагсаалуудыг ч зохион байгуулдаг. Жишээ нь: Нэр дэвшигчийн уулзалт дээр "шүгэлдэгчид" танхимд тарж байрлана. Нэр дэвшигчид тохиромжгүй үед "унагах" асуулт асуух, түүнийг нь дэмжиж эхлээд нэг, хоёр нь алга ташиж бусад нь "түрэх" байдлаар олон нийт дургуйцэж байгаа сэтгэдлийг танхимд өгөх, "бай"-г барьц алдуулах.  Тухайн үед шууд хариулах боломжгүй асуулт асуух, аливаа үнэн, худал факт дурдах, дургуйцэж буй чимээ шуугиан, хэлбэр дүрс үзүүлж уулзалтын үр дүнг бусниулах. Мөн жагсаал, цуглаан болох урьдач нөхцлүүдийг бүрдүүлж манлайлагчид бий болгож нийгэмд нөлөөлөх гэхчлэн "шүгэлдэх" арга бослогод хүрэх ч тохиолдол бий. 

Дэгээ тавих арга – довтолгоонд өртөх объектод мэдээллийн занга тавина. Хохирогч занганд орсноор өөрөө өөрийгөө хохирооно гэсэн үг. Тухайлбал нэр дэвшигчийн эмзэг асуудлыг дахин дахин хөндөж болно. Энэ тохиолдолд тайлбарлах гэж оролдсоноор "нүхээ" улам гүнзгий ухах тохиолдол ч бий. Мөн зориудаар урьдач нөхцөл байдал үүсгэн хэлсэн үг, хийсэн үйлдлийг "бай" болгоно. 

Магтан матах”- Олны нүдэн дээр өрсөлдөгчөө магтахдаа  хүмүүсийн дунд түүний талаарх сөрөг сэтгэгдлийг зориудаар үлдээнэ. 

Олны дургүйцлийг хүргэх арга  – энэ аргыг улс төрд ихэвчлэн ашигладаг. Олон нийтийн дургүйцлийг төрүүлэх ганцхан сэжим олчиход л хангалттай. Улс төрч үнэтэй автомашин унадаг, өртөг өндөртэй харштай гэх мэт. Нийгмийн хамгийн дургуй сэдвүүдийг барьж сөрөг мэдээлэл болгон ашигладаг. 

 Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаахын тулд улс төрчид багагүй мөнгө төлдөг.

Хар пиарын оргил үе нь сонгуулийн сурталчилгааны үеэр тохиодог. Чухамхүү энэ үед л нэр дэвшигчид олны нүдэн дээр нэгнийгээ шавар шавхайгаар булж орхино. Хар "пиар"-т зөвхөн зохиомол худал мэдээлэл ашигладаг юм биш, улс төрчдийн намтраас олны нүднээс нууж байсан таагүй мэдээллүүдийг ч мөн ашиглана. 

Эцэст нь үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцнэ. Өнөөдөр биш гэхэд цаг хугацааны шүүлтүүр ил болгодог энэхүү технологид хууртахгүй байх нь чухал. Танд ч гэсэн наад захын жишээ байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах