Цэс Close

БРИКС-ийн удирдагчид Өмнөд Африкт чуулж байна

БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдын уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо болж байна.

БРИКС-ийн уулзалтыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалсан бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Лула, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар хуралд оролцжээ. Таван орны удирдагчид "БРИКС ба Африк: Түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан өсөлтөө дэмжин, тогтвортой хөгжлийг биелүүлж, багтаамжтай олон талт хамтын ажиллагааг бэхжүүлье" сэдвийн хүрээнд БРИКС-ийн хамтын ажиллагаа болон харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.

Мөн энэ удаагийн уулзалтын зорилго нь шинэ гишүүн орнуудыг эгнээндээ нэгтгэх, эсэхийг хэлэлцэх боловч одоогоор БРИКС-ийн удирдагчид шинэ гишүүнчлэлтэй холбоотой шалгуурын талаар тохиролцоогүй байгаа юм. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва хэлэхдээ, манай бүлэг нь баян чинээлэг орнуудтай өрсөлдөх зорилгогүй гэж мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид энэ санааг давтаж "энэ бол өөр өөр үзэл бодолтой янз бүрийн улс орнуудын бүлэг” юм гэжээ.

Одоогийн байдлаар Иран, Аргентин, Куба, Казахстан, Этиоп, Саудын Араб, Венесуэл, Арабын нэгдсэн Эмират улс тэргүүтэй 22 орчим улс энэ нэгдэлд багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сонирхуулахад, 2006 онд Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ гэсэн дөрвөн улс нэгдэж БРИК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2010 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нэгдсэн байна. Энэхүү бүлэгт нэгдсэн улсуудад дэлхийн хүн амын 40 хувь нь амьдардаг.  Эдийн засгийн нийт хүчин чадал нь 26 их наяд ам.доллараар хэмжигддэг бөгөөд дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг буюу дэлхийн нийт ДНБ-ий 26 хувьтай тэнцэнэ. Энэ үзүүлэлт 2008 онд дөнгөж 17 хувь байжээ. Мөн эдгээр улс Олон улсын валютын сангийн нийт саналын 15 хувийг эзэмшдэг.

БРИКС нь ОУВС, Дэлхийн банк гэх мэт байгууллагуудын бүтцийг сайжруулах, хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэгтгэн, дэлхий дахинд хүргэх зорилготой. Улмаар 2014 онд 250 тэрбум ам.долларын хөрөнгөөр Шинэ хөгжлийн банкийг хамтран байгуулсан бөгөөд энэ банк хөгжиж буй орнуудад зээл олгодог юм. Египет, Арабын нэгдсэн Эмират улсууд БРИКС-ийн гишүүн биш ч шинэ банк байгуулахад хамтран оролцжээ.

Зарим шинжээчид БРИКС-ийг “Долоогийн бүлэг” зэрэг барууны орнуудын тэргүүлсэн форумын өөр хувилбар болж чадна гэж үздэг. Тэдний зүгээс эгнээгээ өргөжүүлэхийг тус бүлэгт санал болгосоор иржээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах