БЭТ ирэв, ашигтай ажиллав
-ЭТТ үр ашигтай ажилласнаар иргэд 1072 хувьцааны ногдол ашиг хүртэх боломж нээгдэж байна-
Асуудал ундрахаар төрийн мэдлийн байгууллагуудад БЭТ томилж ажиллуулдаг жишиг байдгийг мэддэг болоод овоо урт хугацаа өнгөрлөө. БЭТ ирээд ажил сайжруулах нь ч бий, бүр дордуулах нь ч бий. Ээлжит шуугиан гарсан “Эрдэнэс Таван толгой”-д хэдэн сарын өмнө БЭТ томилогдож ирлээ. Үнэн хэрэгтээ итгэл төрөөгүй юм аа. Ирж, л байдаг явж л байдаг БЭТ. Асуудалтай газрыг үнэхээр сайжруулах уу гэдэгт эргэлзсэн хэрэг л дээ. Харин үр дүн гарссан нь тоон үзүүлэлтээр тов тодорхой болсон учраас хэдэн өгүүлбэр хэлхэж сууна. БЭТ томилогдсон өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалт нь 4.1 дахин өсчээ. Нүүрс тээвэрлэлт 3.9 дахин, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Хэвлэлүүд энэ талаар ч их мэдээлж байна. “Нүүрсний хулгай” нүүрлээд байсан ЭТТ-н үйл ажиллагааг Засгийн газраас ийнхүү хяналт тавьж сайжруулснаар манай улсад орж ирэх валютын нөөц урьд өмнө нь байгаагүйгээр өндөр үр ашигтайгаар нэмэгдсэн. Ж.Ганбатыг томилогдоод ирэхэд тус компани 7.1 сая тонн нүүрс олборлочихсон, 6 сая тонн нүүрс уурхайгаас ачаад нийт 8.8 сая тонныг экспортолчихсон байсан гэдэг. Мөнгөн хөрөнгө нь 24 сая ам.доллар орчим.
ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд:
- 10.2 сая тн нүүрс олборлож
- 13.0 сая тн нүүрс борлуулж
- 4.3 их наяд төгрөгийн орлого олж
- Төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бүх үзүүлэлтүүд 40-50 хувиар өссөн дүн. Энэ дундаас борлуулалтын дүнг онцолъё. БЭТ томилогдсон 5 сарын хугацаанд тус компани 13 сая тонн нүүрс олборлосон нь хамгийн их хэмжээний нүүрс борлуулсан 2019 он буюу бүтэн нэг жилийн борлуулалттай дүйх хэмжээ юм. ЭТТ компанид томилогдсон БЭТ-ийн мэдээллийг сонсоход нэг тоо анхаарал татна. Энэ бол ЭТТ-д Онцгой дэглэм тогтоосноос хойшхи 5 сарын хугацаанд нийт 4.3 их наяд төгрөгийн орлого олсон тухай мэдээлэл юм. Тэгвэл үүнийг хамгийн өндөр орлого олсон жил болох 2019 онтой харьцуулахад л даруй 40 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. ЭТТ компани 2019 онд буюу бүтэн нэг жилд хамгийн өндөр дүнтэй 2.6 их наяд төгрөг олж байсан бол БЭТ томилогдсоноор хагас жил хүрэхгүй хугацаанд энэ үзүүлэлт даруй 2 дахин өсчээ. ЭТТ компанийн 10 жилд олсон орлогыг 5 сарын дотор бүрдүүлсэн хэрэг. ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон үеийн хамгийн анхаарал татаж буй мэдээлэл бол татварт төвлөрүүлсэн мөнгөн дүн. Тус компани 2019 онд хамгийн өндөр буюу 736 тэрбум төгрөгийн татварыг төсөвт оруулж байжээ. Харин компанид дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд энэ үзүүлэлт 2 дахин нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Хэрэв энэ хурдаар ажиллавал өнгөрсөн 12 жилийн хугацаанд төлсөн 4.8 их наядын орлогыг ердөө хоёрхон жилд төлөх боломжтойг илтгэж байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д Засгийн газар онцгой дэглэм тогтоосон нь хамгийн зөв шийдвэр байсныг ЭТТ түүхэндээ байгаагүй үр дүнтэй ажиллах болсноос дүгнэж болно. Тус компани өдгөө нүүрсийг уурхайн ам нөхцлөөр биш, биржээр ил тод арилжаалж эхэлсэн нь өгөөжөө өгч байна. Төсөвт төвлөрүүлсэн орлого, татварын үзүүлэлт, борлуулалт урьд өмнө байгаагүйгээр өссөн. Нүүрсний олборлолтын хэмжээ урьд үеийнхээсээ 2.5 дахин, борлуулалтын орлого 3.5 дахин өссөн зэрэг томоохон өөрчлөлтүүд гарч байна. Ингэж ЭТТ-д нүүрлээд байсан хулгайг ил тод болгож, хариуцлагагүй байдлыг засч залруулж байгаа нь сайшаалтай юм. Гашуунсухайт авто боомтоор энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 260 мянган тонн нүүрс хамгийн өндөр хэмжээний гаргаж байна. Гэтэл БЭТ томилогдохоос өмнөх нөхцөл байдал өдөртөө 100 гаруй мянган тонн нүүрс гаргаж байсан. Зөвхөн биржээр арилжаалсан мэдээллээс харахад, жилийн өмнө нэг тн дээд тал нь 110 ам.долларт хүрэхтэй үгүйтэй байсан коксжих нүүрсний үнэ 5 сарын дотор буюу өнөөдөр 182 ам.доллар болж өссөн. Эрчим хүчний нүүрс 2020 онд нэг тонн нь 9 ам.доллар байсан бол өнөөдөр 73 ам.доллар болж өссөн. Энэ бол 8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл Засгийн газар хуралдаанаар ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан нь тус компанийн үр ашгийг бүр нэмэгдүүлэх бололцоог олгох юм. Ард түмний алдагдсан боломжийг буцаан авчирсан БЭТ-ийн үйл ажиллагаа цааш улам жигдэрснээр ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, мөн олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломжтой болох нь. Түүнчлэн нүүрсийг илүү үнэ хүргэхийн тулд угааж боловсруулах, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байгаа. Бид түүхэндээ анх удаа хар алтаа өндрөөр үнэлж чадсан нь Эрдэнэс Тавантолгойн Онцгой дэглэмийн үе болж байна. ЭТТ цаашдаа он удаан жилээр үнэ, цэнэтэй компани байсаар байх нь дамжиггүй. Дээрх бүхнээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ж.Ганбатыг БЭТ-ээр томилсноос хойшхи ажлын үр дүнг харж болох нь. Түүнийг өөрийн дааж авсан сайтар гүйцэтгэлээ. Тэр утгаараа ч Засгийн газар ч нүдээ олж хүнээ томилж.
Ийнхүү БЭТ томилогдсон жил хүрэхгүй богино хугацаанд ЭТТ компанийн 10 жилийн туршид олсон орлого, татварыг төлөвлөрүүлж, үр ашгийг урьд байгаагүйгээр нэмэгдүүлж, тус байгууллагын менежмэнт, засаглал сайжирлаа. Цаашлаад иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг олгох, хувьцаанаас ард түмэн хишиг хүртэх боломжийг нээж байна. БЭТ ирж, ашигтай ажиллав. БЭТ цааш ямар үр дүнгүүд гаргаж, ашиг хэд хүргэж ажиллахыг харах л үлдэв.
Б.НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл үлдээх