Цэс Close

Ватцке: Холандыг ирэх улиралд хаана тоглохыг би мэдэж байгаа

Германы “Боруссиа Дортмунд”-ын ерөнхий захирал Ханс-Йоахим Ватцке багийнх нь залуу авъяаслаг тоглогчид болох Жэйдон Санчо, Эрлинг Холандыг тойрсон наймааны цуу ярианы талаар ийн өгүүлжээ.

“Коронавирус цар тахал дэгдэхэд бидэнд өр шир байгаагүй. Бүр нэг ч еврогийн өр байгаагүй. Тиймээс бидэнд одоо хөлбөмбөгчдөө заавал зарах шаардлага байхгүй. Санхүүгийн хувьд би хөл дээрээ бат зогссон.

Баян клубүүд нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ Дортмундаас тоглогч авмаар байвал тэдэнд хоёр л сонголт бий. Нэг бол бид “Энэ тоглогчийг авах ямар ч боломж та нарт байхгүй” гэж шууд хэлнэ. Үгүй бол “Энэ тоглогч ийм үнэтэй. Энэ үнийг л төлбөл авч болно. Өөр яриа байхгүй” гэнэ.

Өнгөрсөн зун л гэхэд Англи, Европын олон сэтгүүлчид “Жэйдон Санчо “Манчестер Юнайтед”-ын тоглогч болох нь” гээд бичиж өгөө биз дээ. Харин одоо болохоор “Холанд “Реал Мадрид”, “Барселона”-д тоглох болно” гээд л бичиж байна.

Би ирэх улиралд Холандыг хаана тоглохыг мэдэж байна гэж бодож байгаа. Гэхдээ үүнээс илүүг би хэлж чадахгүй” хэмээн Ватцке өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах