Цэс Close

Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг хууль зөрчсөн гэх гомдлын дагуу Сахилгын хорооноос шалгахаар болжээ

Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэд холбогдох гомдлыг шүүхийн Сахилгын хорооны энэ сарын 08-ны өдрийн хурлаар авч хэлэлцэх гэж байна.

Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь Улсын Дээд шүүхэд хандсан иргэн аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтэд хариу өгөхдөө хуулийн хэм хэмжээг зөрчин танхимын нийт шүүгчдийн гаргасан саналыг үл хэрэгсэн дур мэдэн агуулга нэмж оруулсан байж болзошгүй гэх гомдлын дагуу шалгагдаж байна.

Дээд шүүхэд нэгэн аж ахуйн нэгжээс “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар ханджээ. Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь уг компанийн хүсэлтэд хариу өгөхдөө 2018 онд шийдэгдсэн өөр компанийн нэхэмжлэлтэй хэргийн гаргасан шийдвэрийг дурдаж “Адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэсэн утга бүхий хариу өгсөн байна. Энэ нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хууль тайлбарлахгүй” гэдэг саналыг танхимын шүүгчид дэмжин гаргасныг үл тоомсорлон дур мэдэн агуулга нэмж оруулсан байж болзошгүй гэх хардлага төрүүлэхэр байгаа юм.

Шүүгчийн гаргасан хариу бичиг нь тухайн компанид давуу байдлыг үүсгэх, хууль зүйн зөвлөгөө өгсөн, хуульд зааснаас бусад хэлбэрээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх, заавар чиглэл өгсөн байх магадлалтай байна. Шүүгч П.Соёл-Эрдэнийн гаргасан 2021.01.07-ны өдрийн 4/83 тоот албан бичиг  нь эцэстээ Захиргааны хэргийн давж заалдах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход гол үндэслэл болж өгч, улмаар таван жилийн өмнө шийдэгдсэн хэргийг дахин сэргээн, хэлэлцэхэд хүргэсэн нь анхан болон давах шатны шүүхүүдийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн үү гэх хардлага төрүүлж байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс шийдвэр гаргахдаа тухайн шүүх хуралд холбогдогч бүх талуудыг  оролцуулж байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгч П.Соёл-Эрдэнэд холбогдох хуулийн хэд хэдэн зөрчил байна гэсэн гомдлын дагуу Сахилгын хорооноос түүнийг шалгахаар болсон. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д шүүгчид “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, …., урьдчилан санал хэлэх”-ийг хориглоно гэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын эрх зүйн тогтолцоог үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэх үндэслэлд өөр төрлийн шийдэгдсэн өмнөх хэргийн шийдвэрийг дараагийн хэрэг дээр адилтган хэрэглэх боломжтой гэж үзсэн нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоог үгүйсгэсэн хэрэг юм.

Ямартаа ч энэ сарын 08-ны өдрийн шүүхийн Сахилгын хорооны хуралдаанаар шүүгч П.Соёл-Эрдэнэд холбогдох гомдлыг хэлэлцэж, Шүүхийн тухай хууль болон шүүгчийн ёс зүй хэм хэмжээг зөрчсөн эсэхийг нь шалган тодруулах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах