“Нийгмийн дайсан” нь тэгээд хэн юм бэ

Өрөвдлөө, хайрлалаа, бахархлаа, уйллаа, бодлоо. Танхим дүүрэн хүн цуглаж, амьсгаа даран нэгэн зүгт харж, гарахдаа дүүрэн бодол сүлэв. Гүн талархал илэрхийлж, халуунаар алга ташъя.
Сошиал хөгжсөн үеийн олон давуу тал бий. Түүнээс дутуугүй сул талууд бий. Гартаа барьсан гар утсаа зэвсэг болгон нийгмийн сүлжээгээр өрөөл бусдыг онилон, яллаж, сошиал дүүжлүүрт өлгөдөг аймшигт үнэнийг өмгөөлөгчийн ажил, мэргэжлийн онцлогоор гаргаж харуулсан “Нийгмийн дайсан” киноны нээлтээс гарч яваа минь, энэ. Нээсэн өдрөөсөө шуугиулж байна. Гол дүрийн өмгөөлөгч Тэнгисийн дүрд өнөө цагийн супер жүжигчин С.Ариунбямба тогложээ. Сөрөг дүрийн “мангас” гэж хэлж болох Э.Тодгэрэлийн дүр. Үзэх тусам сошиал ертөнцийн үйл явдлууд тодорно.
Өмгөөлөгчийн амьдрал, ажил хэрхэн өрнөдөг, ямар бэрхшээл туулдаг вэ. Ажлын онцлог нь алуурчин байсан ч өмгөөлөх хэрэгтэй болдог. Тэгэж ажлаа хийснийхээ төлөө бие сэтгэлээрээ хохирч, гэр бүл, үр хүүхэд нь ч шархалж, сонгосон мэргэжлээсээ ухармаар өдрүүдтэй ч тулна. Хэрэг бүрийн ард хүний амьдрал бий. Тэр бүрт өмгөөлөгч нуруун дээрээ ямар их ачаа үүрч, шаналж, тарчилдаг юм бэ. Саяхан болсон, сошиалаар одоо ч яригдаж байгаа гэмт хэргүүдийн талаар нийтээрээ шаагин хэлэлцэж, дүгнэлт хийж, шүүхээс өмнө яллаж байсан өдөр хоногууд зурсхийн санаанд бууна. Яг шүү.
Аль нь худал, аль нь чухам үнэн юм бэ. Энэ бүхний тайлал, эцсийн цэгийг өмгөөлөгч олж хатгав. Тэр хүртэл бүгд яллуулсаар л.
Өмгөөлсөн хүнийхээ эрхийг хамгаалж чадсанаа мэдрэх тэр агшин. Дахиад л дараагийн үйлчлүүлэгчтэй нүүр тулж, эцсийн өдрийг хүртэл эрхийг нь хамгаалах гарц гаргалгаа хайх, баримт сэлт цуглуулах, олон удаагийн уулзалт, уур бухимдал, гомдол, цөхрөл, итгэл найдвартай тулна. Өмгөөлөгч болсон л бол үүнээс зайлах аргагүй.
Өмгөөлөгч хүнд ажилласан хэрэг болгон нь туршлага болж байдаг. Алдаа гаргахыг хэн ч таашгүй. Ажилласан хэрэг болгон нь амьдралынх нь нэг хэсэг мэт сэтгэлд үлдэнэ. Өөрийнхөө амьдралаас гадна үйлчлүүлэгчийнхээ амьдралын өмнө үүрэг хүлээнэ.
Киноны үйл явдлаар олон мессэж нийгэмд өгчээ. Ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл. Өмгөөлөгч хүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг. Мэргэжлийн онцлог. Хүний амьдралын уналт, босолт, ялалт, ухаарал. Хүн чанар, мөн чанарын тухай. Манай нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлууд.
Анх уулзахад нь унтаагаараа угтсан ахмад өмгөөлөгчийг үл тоох идэр эр. Хуучин авдраас эрдэнэ ч гарч ирэх боломжтойг илтгэх өмгөөлөгчийн туулсан зам, гашуун туршлага. Амжилттай яваа, өөртөө итгэлтэй ид насны өмгөөлөгч Тэнгис. Түүний туслахаар ажиллах мөрөөдөл дүүрэн залуу. Ганган костюм өмссөн сүрхий өмгөөлөгч болох тухай багтаж ядсан мөрөөдөлтэй, давилуун амьтан хэргийн мөрөөр хамт явж, үйл явдал хэрхэн өрнөхийг харан санаснаар болохгүйг ойлгон сонгосон мэргэжлээсээ ухармаар болох тэр мөчид эмээгийнх нь хэлсэн урмын үг.
Тэнгис өмгөөлөгчийн охиныхоо сургууль дээр багштай нь ярилцах үед тайзны арын анонс дээр улаан малгайтыг тойрсон чонон сүрэг харагдана. Өмгөөлөгч залуугийн толгой улаан малгайтын зурагтай давхцах мөчид чонон сүрэг түүнийг хүрээлсэн мэт, өмгөөлөгчийг ч бас цөөврүүд тасчин хаяхаар довтлох гэж буй мэт дүр зураг харагдана.
Киноны төгсгөлд нь охин шүүхийн гадаа цуглан хашгирах олны тухай ааваасаа асууна. “Улаан малгайтын гэрт чонон сүрэг байгааг энэ хүмүүс мэдэхгүй байгаа юмаа” гэж тэр хариулав.
Гол дүр болон ахмад өмгөөлөгч хоёрын харилцан яриа. Гадна талаас нь өнгөц хараад байгааг сануулан хэлэхдээ өндөг хальслах дүрслэл, үүнийг ойлгосон Тэнгис хэргийг хянуур шинжилвээс дотроос нь үнэн илрэхийг ойлгож байгааг мөн л дүрслэлээр илэрхийлнэ. Мөн амжилтандаа бялуурч, бардамнах болоогүйг ойлгоно.
“Үнэн дандаа алга ташуулж ирдэггүй”-г, хүн сүрэг бүгдээр нэгнээ бүллидэж, өндийх, амьсгалах боломж өгөхгүй тарчлаадгийг, хаа нэгтээ амьдралын замд ахмад өмгөөлөгч, хуулийн фирмийн удирдлага шиг түшиг болох хүмүүс таардгийг мэдэв.

Монгол кино, монгол найруулагчийн ур чадварыг хуучны киногоор л үнэлдэг болоод удлаа. Гүн утга бүхий эргэцүүлэл, ухаарал өгдөг харилцан яриа, үггүйгээр илэрхийлэх найруулагчийн уран дүрслэл, нарийн ньюансууд. Энэ бүгдийг монгол киноноос олж харахаа больсон. Тиймдээ ч шүүмжлэл салахгүй. Сэтгэл хөдлөлийг зөвхөн уур уцаар, орилоон хашгираанаар илэрхийлдэг, хайрыг ор хөнжлийн ажлаар эрээ цээргүй, уран сайхангүй илэрхийлэх, юм бодож тунгаах олигтой мессэжгүй, сэдвийн хүрээ дулимаг кинонууд тоо томшгүй ихэссэн. Хямд төсвөөр хэдэн төгрөг олох гэсэн арилжааны кинонууд үнэхээр залхааж байлаа.
“Нийгмийн дайсан” энэ салбар алдаа, оноотойгоо урагшилж байгааг, сайн найруулагч цагийн эрхээр төрж байдгийг мэдрүүлэв. Б.Гарамханд гэх найруулагчийг таниуллаа. Түүний чансааг илүү харуулсан бүтээлийг хүлээх хүлээлт үүсгэлээ. Монгол киноны салбар хөгжиж байгаа юм байна гэх гэгээ татуулав. Жүжигчдийн сонголт ч онож. Өмгөөлөгчийн мэргэжлийн онцлогийг бодит амьдрал дээрх шиг тусгаж чаджээ гэж өмгөөлөгчид өөрсдөө хэлээд байсан нь ч учиртай байж. Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров продюссерээр ажилласан юм байна. Энэ мэт бүх зүйл эрэг шургаараа зөв таарсан мэт зохирлоо олжээ.

Нийгмийн дайсан хэн юм бэ. Би юу, чи юу, бид үү. Анхаарал хандуулахаас гарцгүй болсон асуудлыг өмгөөлөгчийн ажлын ур чадвар, зовлон жаргалтай нь харуулж өгсөн нь алга ташилт, магтаал зориулахад харамсамгүй. Дүрс бүрийг, үг бүрийг сайтар бодож ажиллажээ.
Найруулагч Б.Гарамханд, танд халуун алга ташилт илгээе. Нийтээрээ хууль, шүүх, өмгөөлөгчийг шүүмжилж, бухимдах нь бухимдаж, бархирах нь бархирч, амтай болгон энэ талаар шаагисан өдрүүд үргэлжилсэн нь хэзээ билээ. Юм бүхэн харж байгаа шиг биш. Харсан, бодсон бүхэн үнэн биш. Аливаад нягт чамбай бай. Тэд бидэнд үүнийг сануулж байна.
Хохирогчийн талд ч, гэмт хэрэгтний талд ч өмгөөлөгч ажиллана. Энэ дэлхийн бүх өмгөөлөгч ийм л замыг сонгосон. Тэд бол хүний эрхийн хамгаалагчид. Гэвч тэд бол бидэнтэй л адил амьдарч яваа хүн. Хайрлаж, дурладаг, гомдож гуньдаг, шантардаг, бардамнадаг, бахархдаг, зүрх сэтгэл нь өвддөг, бидний л адил өрх гэрээ авч яваа аав, ээжүүд. Хэн нэгний үр хүүхэд. Хэн нэгний ах, эгч, дүү. Өмгөөлөгч гэдэг сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг ойлголоо.
Кино шүүмжлэгчид, мэргэжлийнхэн энэ киноны тухайд үгээ хэлээсэй. Үзэгчид мянга, мянгаараа кино театрт дугаарлан байж үзээсэй. Тэндээс гарахдаа бодолд дарагдаасай.
Сэжигтний “Одоо яаж амьдарна аа” гэх энгийн мөртлөө зүрх зүсэм үг. Нийгмийн дунд зүхүүлж амьдарснаас шоронгийн зовлонг үүрэхийг илүүд үзэх нь аймшигтай. Өмгөөлөгч, сэжигтэн хоёрын шоронгийн торны наана, цаанаас ярилцах дүр зураг. Яг адилхан нөхцөл байдалд орчихсон байгаа тухай өгүүлэх. Чонон сүргийн хувьд тэр хоёр бол аль, аль нь тасчин хаяхад бэлэн олз мэт.
Эргэцүүлэн нэг бодоод үзээрэй. “Нийгмийн дайсан” хариуг хэлж өгнө. Эргэцүүлэн бодохгүй бол, засаж өөрчлөхийг хүсэхгүй бол “Одоо яаж амьдарна даа” хэдүүлээ. Өөрсөд рүүгээ нэг өнгийх цаг болжээ. “Нийгмийн дайсан” нь чухам хэн болохыг та өөрөө очиж үзээрэй.
Киног бүтээсэн бүх хүнд талархъя. Олон, олон сайн бүтээлийг чинь хүлээж байя. Хүлээлт үүсгэсэнд та нар л “буруутай” шүү.
Д.Мөнгөндалай
Сэтгэгдэл үлдээх