Д.Янжинхорлоогийн гэх хэрэгт нэр холбогдсон прокурорын хэргийг шүүхээр хэлэлцэж байна

Хуваалцах

Бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогдсон Д.Янжинхорлоогийн асуудлаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй прокурор асны хэргийг шүүхээр хэлэлцэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан И.Хүдэрцэцэгт холбогдох хэргийг хэлэлцжээ. Тэрбээр МУИС-ийн багш Д.Янжинхорлоотой холбоотой үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаанд нэр холбогдоод байгаа юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар, И.Хүдэрцэцэг нь Д.Янжинхорлоогийн үл хөдлөх хөрөнгийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа албан бичиг хүргүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад нөлөөлсөн байж болзошгүй аж.

Хэрэв И.Хүдэрцэцэгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Д.Янжинхорлоод давуу байдал бий болгосон нь шүүхээр тогтоогдвол энэ нь хууль сахиулах байгууллагын албан тушаалтны ёс зүй, хараат бус байдал, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалахтай холбоотой ноцтой асуудал болох юм.

Сануулахад, МУИС-ийн багш, хуульч Д.Янжинхорлоо нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зургаан давхар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Уг хэрэгт түүний ангийн нөхөд гэх И.Хүдэрцэцэг тэргүүтэй хууль сахиулах байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр холбогдсон байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн