Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "төмөр зам"-ын хэргээр дахин шалгана
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ынхан төмөр замын хэргийг сэргээн шалгахаар болсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлд тавигдах ёстой байсан 267 км төмөр замын ажлын хөрөнгийг овоолсон шороо болгон хувиргаж, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зарим нэр бүхий хүмүүсийн хамт дахин шалгахаар болсон гэсэн үг.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "төмөр замын" хэргээр дахин шалгаж эхэлсэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "АТГ-аас ажлын хэсэг томилогдсон" гэдэг мэдээллийг өглөө.
Энэ хэрэг 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэгсэхгүй болж бөгөөд тухайн үед улсад их хэмжээний хохирол учруулсан БНСУ-ын иргэн Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө болон тус хэрэгт холбоотой солонгос иргэдийг торгуулийн ялаар шийтгэж төмөр замын хэргийг дуусгавар болгосон хэмээн хардаж байгаа. Үе үе энэ хэрэг олны анхааралд ордог бөгөөд тэр бүртээ учир зангилаа нь тайлагдалгүй явсаар өнөөдрийг хүрсэн.
Сэтгэгдэл үлдээх